Дельта- болон омикрон-штаммын халдварын “цунами” болж байна


Дэлхийн хамтын нийгэмлэг  коронавируст халдвар, түүний дотор дельта- болон омикрон-штаммын халдварын “цунами”-тай тулгарч байна гэж ДЭМБ үзэж байна. Тус байгууллагын онц аюултай өвчлөлийн салбарын техникийн  хэсгийн тэргүүн Мария Ван Керкхове ингэж мэдэгдсэнийг РИА Новости иш татан дурджээ.

Тэрээр бүр 2022 онд COVID-19-ийн цар тахлыг эцэс болгохын тулд хүлээзнэх биш, харин даруй ажиллаж эхлэхийг дэлхийн орнуудын тэргүүн нарт уриалсан байна.

COVID-19-ийн омикрон-штаммаас болоод дэлхийд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгч болон нас барагсдын тоо нэмэгдэнэ гэж ДЭМБ бас таамаглажээ. “Financial Times” сонинд бичсэнээр, энэ нь Их Британид нэгэнт ажиглагдаж байна. Энд  омикрон-штаммын  халдварын шинэ тохиолдлын тоо албан ёсны статистикаас олон зуу дахин дээгүүр болж, хоногт 200 мянгад хүрээд байгаа бөгөөд омикрон вирусийн халдвараар анхны хүн нас барсныг ерөнхий сайд Борис Жонсон мэдээлжээ.

Шинэ хувилбар нь вакцин тариулсан өвчтөнүүдэд хөнгөн тусч  байгаа гэж штамм анх илэрсэн ӨАБНУ-ын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн ч,  зарим мэдээгээр, омикрон вирус нь бусад штаммаар өвчилж эдгэрсэн хүмүүсийн дархлааг тойрч гарч чадах ажээ.

Одоогийн байдлаар омикрон-штамм 77 улсад илрээд байна гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адан Гебрейесус мягмар гарагт Женев хотноо мэдээлэл хийхдээ мэдэгдсэн байна.

Коронавирусийн энэ хувилбар дэлхийн олонхи улсад, “тэр ч бүү хэл илрээгүй гэх орнуудад ч” байж болох талтай гэж тэр онцлон тэмдэглэжээ.  “Омикрон” нь бусад хувилбараас бидний олж хараагүй тийм хурдацтайгаар тархаж байна гэж ерөнхий захирал хэлээд,  бид омикрон-штаммын аюулыг өнөөг хүртэл дутуу үнэлж байжээ гэж дурдсан байна. “Энэ штамм арай бага хүндрэл үүсгэдэг  байлаа ч гэсэн, халдварын тохиолдол асар олон байгаа нь  эрүүл мэндийн бэлтгэгдээгүй тогтолцоонд ачаалал үүсгэж мэднэ” гэж тэр тэмдэглэжээ.

Жонс Хопкинсын их сургуулийн мэдлээлснээр, АНУ-д коронавируст халдвараар 800 266 хүн нас бараад байна. Цар тахал эхлэснээс хойш тус оронд 50,2 сая хүн энэ өвчний халдвар аваад байгаа ажээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ