Путин коронавирусийн эсрэг хамрын вакциныг өөр дээрээ туршжээ
Коронавирусийн эсрэг “Спутник Лайт” вакцин давтан тариулсны дараа хамрын вакцин хийлгэснээ Оросын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Түүний хэлснийг ТАСС агентлаг иш татан дурдсан байна. Хоёр дахь вакцин тариулсны дараа би хамрын вакцин хийлгэсэн гэж төрийн тэргүүн тодруулан тайлбарлажээ. “Эхний вакцин тариулснаас хойш яг зургаан сарын дараа миний биед дархлааны эсрэг биетүүд цөөрч, мэргэжилтнүүд хоёр дахь вакцин тариулахыг зөвлөсөн, тэгээд би хэдэн өдрийн өмнө дахин вакцин тариулсан. Дараа өдөр нь вакцины хоёр дахь хэсэг буюу нунтаг хэлбэрийн хамрын цацлага хийлгэсэн юм” гэж тэр хэлсэн байна. Эмч нунтагийг тариурт соруулаад, миний хамрын баруун, зүүн нүх рүү цацсан гэж Путин вакцинжуулалтын явцыг тайлбарлажээ. Энэ үеэр надад эвгүй зүйл мэдэгдээгүй, тэгээд удалгүй спортоор хичээллэсэн гэж төрийн тэргүүн хэлсэн байна. Путин арваннэгдүгээр сарын 21-нд “Спутник Лайт” вакцины хоёр дахь давтан тарилга хийлгэжээ. Вакцин тариулсны дараа түүний бие сайн байсан байна. Ерөнхийлөгч энэ оны зургаадугаар сард оросын “Спутник V” вакцин тариулжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ