Талибууд "Лалын бүгд найрамдах улс"-ынханд байр түрээслүүлэгчдийг шийтгэнэ
"Талибан" хөдөлгөөнийхөн "Лалын бүгд найрамдах улс" террорист бүлэглэлийнхэнд орон сууцаа түрээслүүлсэн иргэдийг шийтгэхээ зарлалаа. "Хэрэв хэн нэгэн байшингаа үл таних хүмүүст баталгаагүй түрээслүүлсэн бол, түрээсэлсэн этгээд "Лалын бүгд найрамдах улс" бүлэглэлийнх болох нь нотлогдвол байшингийн эзэн төдийгүй зуучлагчийг хатуу шийтгэнэ" гэж "Талибан"-ы штабын тэргүүн Кари Фасихуддин Фитрат Бадахшани твиттертээ жиргэжээ. Сүүлийн үед шийт хазарууд зонхилон амьдардаг Кабулын баруун хэсэгт уг алан хядах бүлэглэлийн хүлээсэн хэд хэдэн дэлбэрэлт болсон аж. Мөн үүнээс өмнө Кундуз, Кандагар хотод шийтийн сүмүүдэд гарсан халдлагыг "Лалын бүгд найрамдах улс"-ынхан үйлдсэн гэж талибууд мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ