"Тесла" компани шүүхийн шийдвэрийг эсэргүүцэв

       ""Тесла" компанийн хуучин ажилчин арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэсэн гомдол Сан-Франциско хотын шүүхэд гаргаад, 137 сая ам.доллар нэхэмжилсэн байна" гэж Bloomberg агентлаг мэдээллээ. Харин энэ талаар тус компанийн өмгөөлөгчид "Ийм нэхэмжлэл ялгаварлан гадуурхахын эсрэг хууль тогтоомжид урьд өмнө байгаагүй. Энэ нь ижил төстэй, тэр битгий хэл хамгийн харгис хэргүүдтэй харьцуулахад хамаагүй их мөнгө нэхсэн явдал. Нэхэмжлэлийн хэмжээ нь шүүхэд гаргасан бодит нотлох баримтыг тусгаагүй" гэж тайлбарлажээ. 
Тэд уржигдар буюу өнгөрсөн мягмар гарагт шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүх хурлыг шинээр эхлүүлэхийг хүссэн бичиг баримт бүрдүүлсэн байна. Тэдний үзэж буйгаар тангарагтны шүүх компанийг "Үйлдвэрлэлийн газар дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг арилгахын тулд илүү их зүйл хийж чадах байсан, хийх ч ёстой" гэж үзсэн ч нөхөн олговрын хэмжээ хуулийн практикт нийцэхгүй байгаа гэнэ.                            
  Аравдугаар сарын 4-нд тангарагтны шүүх "Тесла" компанийг буруутай гэж үзээд, 2015-2016 онд тэнд өргөгчөөр ажиллаж байсан өнгөт арьст Оуэн Диазын талд орсон юм. О.Диазын ярьсанчлан хамт ажиллагсад нь түүнийг өдөр бүр гутаан доромжилж, "арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл"-ийн бай болсон аж.
 Сан-Францискогийн шүүх "Тесла"-г хуучин ажилчиндаа 6,9 сая ам.доллар төлөхийг үүрэг болгосноос гадна 130 сая ам.долларын торгууль ногдуулжээ. Аризонагийн их сургуулийн хуулийн профессор Майкл Селми Bloomberg агентлагт өгсөн ярилцлагадаа "Торгуулийн хэмжээ нь ёс суртахууны хохирлын нөхөн төлбөртэй харьцуулахад харьцангуй их учир хоёр дахин багасгаж магадгүй юм" хэмээн онцолсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ