COVID-19 өвчний үеийн биеийн халуун аминд хүрэх аюултай
Оросын дархлаа судлалын эмч Владислав Жемчугов эмчлүүлж байх үед биеийн халуун буурч байгаа эсэхэд онцгой анхаарал хандуулахыг коронавируст халдвар авсан эмчлүүлэгчдэд уриалжээ.
“Энэ бол нэн хүнд байдал. Үхэлд ч хүргэж мэднэ. Хэрвээ 36 болон үүнээс бага халуунтай байгаа бол энэ нь хамгийн хүнд өвчтөнүүдийн шинж тэмдэг юм” гэж тэр телевизийн “Звезда” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн байна.
Ийм шинж тэмдэг нь бие махбодь хордлогыг хүчрэхгүй болж, дархлаа нь вирусийн эсрэг хариу үйлдэл хийхгүй байгааг харуулж буй хэрэг гэж тэр хэлжээ. Мөнгөн устай халууны шилээр халуунаа үзэх нь илүү дээр, учир нь ийм халууны шил бусад халууны шилнээс илүү нарийн заадаг гэж Жемчугов дурдсан байна.
“Халууныг тус бүр 5 минутаар гурван удаа үзэх нь арга хэмжээ авах үндэслэл болно. Хэрвээ эмчлүүлэгчийн царай цонхийж, уруул нь хөхөрсөн бол, даралт унасан хэрэг бөгөөд энэ нь маш ноцтой шинж тэмдэг” гэж эмч хэлжээ.
Аливаа дагалдах өвчин коронавируст халдварын явцыг хүндрүүлдэг тухай “РЖД-Медицина” клиникийн төв эмнэлгийн дотрын ерөнхий эмч, тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Сергей Черёмушкин ярьсан байна.
“Коронавирус нь тодорхой хэд хэдэн дагалдах өвчинтэй хүнд тусахад, өвчний явц илүү хүнд байх нь мэдээж” гэж тэр Sputnik радиод өгсөн ярилцлагадаа дурджээ.
Артерийн даралт, чихрийн шижин өвчин, зүрхний тэжээлийн дутмагшил, цусны эмгэг, хорт хавдар зэрэг нь хамгийн их аюултай эмгэгт орно гэж эмч хэлсэн байна. Түүнчилэн өвчний явц нь тухайн вирусийн хувилбар, тухайн өвчтөний дархлааны хариу үйлдлээс хамаарна” гэж эмч хэлжээ.
“Бас хэд хэдэн хүчин зүйл бий. Энэ вирусийн хорт чанар, тодорхой хүний дархлааны хариу үйлдлийн онцлог, вирусийн ачаалал юм” гэж Черёмушкин тэмдэглэжээ.
Вакцин тариулах нь одоо COVID-19-өөс хамгаалах хамгийн найдвартай арга мөн гэж тэр хэлсэн байна.
Эмч, телевизийн хөтлөгч Александр Мясников сурвалжлагчтай ярилцахдаа, настай хүмүүсийг вакцины гурван тунд заавал хамрагдахыг өмнө нь уриалжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ