Д.Тогтохсүрэн: Шинээр байгуулах хоёр яамны чиг үүргийг нэмэгдүүлэхээр боллоо
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцжээ. Бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
Д.ТОГТОХСҮРЭН: -Намын бүлгийн хурлаар өргөн барьсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл болон төсөв дагасан хуулийн бүтцийн зарим өөрчлөлтийн талаар хэлэлцлээ. Засгийн газраас Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Боловсролын агенлаг, Ойн агентлаг байгуулах санал гаргасан. Түүнчлэн Худалдан авах ажиллагааны агентлагийг Шадар сайдын харьяанаас гаргаж Сангийн сайдын харьяанд өгөх зэрэг саналуудыг өргөн барьсан. Энэ асуудлуудтай холбоотойгоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсгийн боловсруулсан саналыг хэлэлцэж дэмжлээ. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах саналыг дэмжихдээ Засгийн газраас таван чиг үүрэгтэй байна гэснийг 11 чиг үүрэгтэй байна гэж өргөтгөсөн. Цахим хөгжил харилцаа холбооны яам байгуулахыг мөн дэмжсэн ба долоон чиг үүрэгтэй байна гэснийг есөн болгож нэмэгдүүлсэн. Түүнчлэн Боловсролын болон Ойн агентлаг байгуулахыг дэмжсэн. Харин Худадлан авах ажиллагааны газар Сангийн сайдын харьяанд байж болохгүй, Шадар сайдын харьяанд байх ёстой гэж үзлээ. Мөн жендерийн асуудлыг нэг сайдын харьяанд өгөх учир дутагдалтай гэж үзэж байна. Ийнхүү Засгийн газраас орж ирсэн бусад асуудлыг бүлэг бүрэн дэмжиж шийдвэр гаргасан.
Түүнчлэн Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын хилийн бүсийн худалдаа эдийн засгийн хэлэлцээрийн тухай асуудлыг хэлэлцсэн. Монгол Улс БНХАУ-ын хооронд худалдаа эдийн засгийн бүс байгуулахтай холбоотой хэлэлцээрийг УИХ-д Засгийн газар өргөн барьсан. Энэ нь Замын-Үүдийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, худалдаа эдийн засгийг идэвхжүүлэхэд чухал хувь нэмэртэй учраас УИХ-аар хэлэлцэх үед нь дэмжих шийдвэр гаргалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ