Суданы ерөнхий сайд гэрийн хорионд байсан хэвээр
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Волкер Первес армийн тараасан Суданы засгийн газрын тэргүүн Абдалла Хамдуктай өчигдөр уулзжээ. "Хамдук өмнө нь засгийн эрхийг булааж авсан цэргүүдэд баривчлагдсан ч дараа нь гэртээ суллагдсан" гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. "Бидний ойлгож байгаагаар Суданы ерөнхий сайд гэрийн хорионд байгаа ч түүнтэй Первес уулзаж чадсан" гэж ярьсан тэрээр уулзалтын талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Мөн НҮБ-ын төлөөлөгч Судан дахь дэлхийн байгууллагын агентлагуудын ажилд ямар нэг өөрчлөлт ороогүйг дурдаад "Аль ч тал бидэнд өөрчлөлтийн талаар мэдэгдээгүй. Ажил үргэлжилж байна" гэж онцлов.
Хэдэн долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн дараа Суданы арми даваа гарагийн орой Хамдук болон хэд хэдэн өндөр албан тушаалтан, улс төрчдийг баривчилсан билээ. Тус улсын удирдагч, генерал Абдель Фаттах аль-Бурхан "Залуучуудын хувьсгалын эсрэг армийн хариу арга хэмжээ" хэмээн дээд эрх баригчдыг огцруулж, онц байдал зарласан юм. Мөн тэрээр 30 жил төр барьсан ерөнхийлөгч Омар аль-Баширыг түлхэн унагасны дараа энэ улсад шилжих шилжилтийн үе, цэрэг, иргэний эрх баригчдын хоорондын харилцааг тодорхойлсон үндсэн хуулийн тунхаглалын хэд хэдэн заалтыг түдгэлзүүлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ