С.Жавхлан АН-аас гарч, улс төрөөс зодог тайллаа

Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Сүүлийн үед болж байгаа үйл явдлуудын талаар сэтгэгдлээ хуваалцах гэж өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм.

Нөхөн сонгууль болох гэж байна. Энэ сонгуульд намайг дэвшинэ, дэвшихгүй гэдэг мэдээлэл явсан. Би энэ мэдээллийг маш их гайхаж хүлээж авсан. Надад нөхөн сонгуульд оролцох ямар ч санаа байгаагүй. Миний саяны хэлсэн зүйлийг ямарваа нэгэн байдлаар битгий гуйвуулаасай гэж хүсэж байна.

Миний бие “Хамаг Монгол” төслийг 2012 оноос эхлүүлсэн. Би соёлын биет өвийг хамгаалах, мартагдсан зүйлийг сэргээн хойч үедээ өвлүүлэхийн төлөө явдаг.

Сүүлийн үед Ардчилсан нам маш их хэрүүл уруултай байх болсон. Миний зан, зарчимд нийцэхгүй байгаа учраас өнөөдөр АН-аас гарч байгаагаа зарлаж байна. Цаашид хийх ажил маш их байна. Соёлын өвөө ганц хоёр хүнээр тоглуулаад баймааргүй байна. Тиймээс өв соёлоо хамгаалж, уран бүтээлээ хийх зорилгоор АН-аас гарч байна.

Би ямар нэгэн байдлаар гомдож, туниагүй. Хэрэв гомдсон бол шууд л хэлдэг зантай хүн. Тиймээс АН-ын залуучууд, ах нартаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөё. Хэрэв надаас асуух зүйл гарвал холбогдож байгаарай гэж хэлье” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ