Энэтхэг улсад нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгоно
Бүгд Найрамдах Энэтхэг Улсад цар тахлын нөхцөл байдал нэн хүндэрч, олон хүн амь насаа алдаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тус улсад нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэв.
Мөн Монгол Улсын Засгийн газар хүнд хэцүү цагт сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж тус улсын Ерөнхий сайд Н.Модид захидал хүргүүлж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ даваа гарагт Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзахдаа гардуулан өгсөн билээ.
Хоёр орны харилцааны түүхэнд Монгол, Энэтхэг хоёр улс бие биеэ ямагт дэмжиж харилцан тусалж ирсэн. Манай улс тус улстай тогтоосон харилцааг 2015 оноос Стратегийн түншлэлийн түвшинд ахиулан хөгжүүлж байна.
Монгол Улсад анхны 150 мянган тун цар тахлын эсрэг вакциныг Энэтхэг Улсын Засгийн газар 2 дугаар сард буцалтгүй тусламжаар олгосон. Мөн Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд манай улсад Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байгаагийн сацуу нүүрс экспортлох яриа хэлэлцээ явагдаж байна.
Ташрамд дурдахад, дэлхийн улс орнууд Энэтхэг Улстай энэ хэцүү цаг үед эв санааны нэгдлээ илэрхийлж, 40 гаруй улс орон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ илэрхийлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ