Б.Жавхлан: Цаашид ипотекийн зээлд сард 60 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ
Өнөөдөр /2021.02.02/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Хотын дарга Д.Сумъяабазар нар барилгын салбарынхантай уулзалт хийлээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ажил хэрэгч байя, нэг зүйлийг хийе. Олон зүйл яриад хийхгүй байснаас нэг зүйлийг ярьж хийе. Эдийн засаг дандаа ийм байхгүй. Санхүүжилт хийгдэнэ. Өнөөдөр дандаа зовлон тоочмооргүй байна. Засгийн газар тайлбар тавиад явж болно. Гэхдээ Засгийн газар сөрж зогсох ёстой. Одооноос бэлтгэлээ хангаж, төлөвлөгөөтэй байх ёстой. Тодорхойгүй байдалд хувийн хэвшлийнхнийг оруулж болохгүй. Дэлхий даяар цар тахалтай амаргүй, эдийн засаг хүнд байна. Засгийн газар бүх нөөцөө шавхаж, одоо нөөцгүй болсон. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар гурав орчим их наяд төгрөгийг зарцуулсан. Тиймээс бусад салбарынхантай уулзана. Гэхдээ барилгын салбарт хамгийн анхны эргэлт хийгдэнэ" хэмээн тодотголоо.
Харин Хотын дарга Д.Сумъяабазар "Хотын даргын хувьд барилгын салбарыг бүх чиглэлээр дэмжиж ажиллана. Хамгийн их баялаг бүтээдэг, өртөг шингээдэг, хөгжлийг тодорхойлдог салбар юм. Улаанбаатар хотод энэ салбарт хөрөнгө оруулалт хийж, залуусаа дэмжинэ. Нэн тэргүүнд "Залуус-2, 3" орон сууцны хорооллыг барина. Хэд хэдэн газар томоохон хороолол босгохоор төлөвлөсөн, Ерөнхий сайд ч дэмжихээ илэрхийллээ. Хотын үйл ажиллагааг цогц шийдвэртэй, шударга ёсыг үргэлжлүүлэх ёстой" гэж ярилаа.
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан "Ипотекийн бодлого маань Сү.Батболдын Засгийн газрын үед эхэлсэн. Хамгийн гол нь энэ хөтөлбөр тогтвортой явах ёстой. Энэ хөтөлбөр 2018, 2019 онд зогсоон. Харин 2020 онд амжилттай сэргэсэн, одоо үргэлжилж байна. Энэ дөрвөн жил ямар ч байсан доор хаяж сард 60 тэрбум төгрөгийн зээлийн үйлдвэрлэл явна. Ингэж бодож ажлаа төвөвлөх хэрэгтэй. Ойрын хугацаанд 30 хувь бол тогтвортой явна. Энэ хувийг багасгах нь харилцагчийн санхүүгийн сахилга, батыг сулруулдаг. Зах зээлийнхээ багтаамж, эрэлтэй харж байгаад ямар хэмжээнд мөнгөн дүнг нь нэмэгдүүлэх вэ гэдгээ тодорхойлно" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ