Тавантолгойн нүүрсийг Энэтхэг рүү экспортлох туршилтын тээвэр хийнэ

Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны VII хуралдааныг цахимаар зохион байгуулсан байна. Хуралдааныг Монголын хэсгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Энэтхэгийн хэсгийн дарга, БНЭУ-ын Гадаад харилцааны сайд С.Жайшанкар нар тэргүүлж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЗТХ-ийн сайд Л.Халтар, ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Т.Капүр, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Рива нар оролцжээ.

Талууд газрын тосны боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх асуудлаар санал солилцож, Тавантолгойн ордын нүүрсний дээжийг Энэтхэгт илгээх туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулахаар хоёр тал тохиролцсон байна.

Мөн мэдээллийн технологийн чиглэлээр Улаанбаатар хотноо А.Б.Важпайн нэрэмжит аутсорсингийн төв байгуулж, боловсон хүчин бэлтгэхэд Энэтхэгийн талаас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлжээ. Түүнчлэн энэ онд тохиож буй манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд төлөвлөсөн айлчлалуудыг 2021 онд зохион байгуулахаар ярилцаж, ойд зориулан "Монгол шуудан" компаниас гаргасан шуудангийн маркийг танилцуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ