Ардчилсан намын бүлэг Шадар сайдад зөвлөмж хүргүүлэв
Вирусийн тархалтыг дотооддоо алдсанаас хойшхи хугацаанд халдварыг илрүүлэх, тархалтыг зогсоох чиглэлд Засгийн газар, Онцгой комисс шаардлага хангахуйц ажиллаж чадахгүй байгаа. Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах, буцаах, махны худалдаа зэргээс тэдний ажлын зохион байгуулалтыг дүгнэж болно. Тиймээс цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа дараах зөвлөмжийг тусгахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна.
Зөвлөмжийг бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ц.Туваан, бүлгийн дэд дарга Н.Ганибал, нар Шадар сайд Я.Содбаатарт өнөөдөр /2020.12.02/ хүлээлгэн өгөв. Ийнхүү зөвлөмж хүргүүлж буй нь иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх хөл хорионы үеийн сөрөг нөлөөг бууруулах зорилготой гэдгийг гишүүд тайлбарлав. Ардчилсан намын бүлгийн зөвлөмжид, чанаргүй зээлийг худалдан авах зэргээр санхүүгийн оновчтой бодлого боловсруулах, хот суурин газарт эмзэг бүлгийн айл өрхүүдийг түлшээр үнэ төлбөргүй хангах асуудлыг тусгалаа. Мөн хот хооронд зорчих иргэдийн шинжилгээ, хяналтад улсын болон орон нутгийн Онцгой комисс уялдаатай ажиллах, цар тахлын голомт, эрсдэлтэй бүст ажиллагсадыг халдварт өртөхөөс сэргийлэх, экспортын гол түүхий эдийн олборлолт, тээвэрлэлт, тэнд ажиллаж буй ажилтан, жолооч нарын эрүүл мэндийг хамгаалах тусгайлсан арга хэмжээ авч ажиллах ёстой.
Түүнчлэн үйл ажиллагаандаа олон улсад ашиглаж буй дэвшилтэт технологийг хэрэглэж халдварын голомттой бүсийн иргэдийн хөдөлгөөнийг хянах, гаднын зээл, тусламжийн зарцуулалтын тайланг хялбар байдлаар оруулдаг байх. Ямар ч нөхцөл байдал үүссэн хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх зэргийг үйл ажиллагаандаа анхаарах нь зүйтэйг дурджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ