Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, УИХ-ын нөхөн сонгуулийн товыг хэлэлцэнэ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын хоёр Байнгын хороо хуралдана. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлууд олны анхаарлыг татаж байна. Учир нь, Сонгинохайрхан дүүрэгт явуулах УИХ-ын нөхөн сонгуулийг хэзээ зохион байгуулах вэ гэдгийг хэлэлцэх юм. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Байнгын хороодоор өөр ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Их Хуралдай” танхимд:

  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын найман гишүүн 2020.04.22-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019.12.02-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үндсэн хуулийн цэцийн 2020 оны есдүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан/;
  • УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий/.

2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх ХЭҮК-ийн илтгэл.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ