Л.Энх-Амгалан: Хавтгайрсан олон одон медалийн тогтолцооноос салах цаг болсон

УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын таван гишүүн өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медальтай болох тогтоолын төслийг төсөл санаачлагчид буцаалаа. Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 1000 хүнд ойн медаль олгох талаар тогтоолын төсөлд тусгасан бөгөөд одоогийн байдлаар нийт зардлын мэдээлэл тодорхой болоогүй гэдгийг төсөл санаачлагч хэлж байв.


Одон медалийн тоо хэтэрсэн үед УИХ хүртэл шинэ төрлийн медаль бий болгох нь буруу гэж гишүүд үзэж буйгаа илэрхийлж байв. Цаашид одон медалийн тоог нэмэх биш бууруулах нь зүйтэй хэмээн үзсэн тул тогтоолын төслийг хэлэлцэх эсэх санал хураахад 47 гишүүний 31 нь дэмжээгүй тул төсөл санаачлагчид буцаахаар боллоо.


Асуудлыг хэлэлцэх үед гишүүдийн хэлсэн үгээс хүргэж байна.


УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Энэ тогтоолын төсөл дээр эргэлзээд л байна. Социализмын үеийн одон медалийн тогтолцоотой үлдсэн хоёрхон улсын нэг нь манайх. Төрийн одон медаль намынх болсон. Бид нийгэмд хавтгайрсан олон төрийн одон медалийн тогтолцооноос салах цаг болсон. Сумын, аймгийн, салбарын, төрийн гээд энгэр дүүрэн медальтай хоёрхон улсын нэг манайх шүү дээ. 30-40 настай энгэр дүүрэн медаль зүүсэн залуус байна. Зүүхээсээ ч ичиж байна. 70 наснаас дээш ахмад настнуудад Алтан гадасыг нь өгөөд цаашид одон медалиасаа татгалзвал яасан юм бэ. 


УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Яг хэдэн хүнд медаль өгөх юм бэ. Энэ тогтоолын төслийг больчих. Наадахыг чинь бид хэд л зүүнэ. МАН-ынхан ярьж байгаад бүх одон медалийг хориглочихооч. Цаашид одонг цэгцэлье. Бид нар санаачлаад одон медалийг болиулах эхлэлийг тавих хэрэгтэй. УИХ санаачилга гаргаад энэ хуулийн төслийг батлахгүй байх хэрэгтэй. Сум, аймгийн одон гэж байхгүй шүү, төсвийн мөнгөөр бол бүр болохгүй гэж хэлэх ёстой. 


УИХ-ын гишүүн Н.Энхболд: 1000 ширхэг медалийг хийлгэнэ гэж байгаа. Ардчилсан парламентыг бий болгоход хувь нэмрээ оруулсан хүмүүст өгнө гэж байна. Н.Алтанхуяг гишүүний хэлж байгаатай санал нэг байна, гэхдээ цаашдаа. Харин энэ удаад үүнийг батлаасай гэж бодож байна. Хэд хэдэн удаа ажлын хэсэг хуралдаад 30 жилийн ойгоо тэмдэглэх ажлаа төлөвлөчихсөн. Одоогийн байдлаар төсөв мөнгийг хараахан батлаагүй байна. Тэнд тэдэн төгрөгөөр хэвлэнэ гэсэн тооцоо хараахан гараагүй. Байнгын ажиллагаатай парламентын ой бол сум, нэгдэл, байгууллагын ойгоос арай өөр учир ажлын хэсэг ярьж байгаад тогтоолын төслийг боловсруулсан. 


УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Алдарт эхийн одонтой адилхан шударга шалгууртай болгох хэрэгтэй байна. 25 жил ажилласан бол Алтан гадас, 35 жил бол Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гэх мэт. 30 жилийн ойн медалийг бид зүүлээ гээд ухаантай, баатар болохгүй. Бид үүнээс эхэлье. Одон олгох шалгуурыг тодорхой болгоё, эсвэл бүр одонгоо болье.


УИХ-ын гишүүн Т.Доржханд: Тогтоолын төслийг дэмжихгүй байна. Элдэв одонг нэмэх биш хасаж цэгцэлмээр байна. Ямар ч үр ашиггүй, ямар ч санхүүгийн боломж олгодоггүй шагналаар яах юм бэ. 


УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хаа хаанаа ойлголцчихвол хэлэлцэхэд буруудахгүй, гэхдээ асуудал үүсгээд байгаа бол заавал энд хэлэлцэх шаардлагагүй. Хүндэтгэлийн ёслол ойн медалийг хүлээж байгаа төр улсдаа зүтгэсэн хүмүүс бий. Хүндэтгэл ёслолын ажлаа зохион байгуулаад, заавал тогтоолын төсөлгүйгээр шийдэх боломж бий гэж бодож байна. 1000 ширхэг медалийг хэвлэхэд тийм их мөнгө болохгүй байх. Зөвхөн гишүүд авах гээд байгаа юм биш. Парламентын ажлын аппаратад олон хүн ажилласан. Тэдэнд хүндэтгэл үзүүлэх ёстой. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ