Б.Энхбаяр: ШЕЗ хуульч С.Батхүлэгийн танилцуулгыг дахин оруулвал хариуцлага тооцно

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг томилох асуудал энэ өдрүүдэд халуун сэдэв болоод буй. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт, хуульч С.Батхүлэг нарыг нэр дэвшүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр дэвшүүлсэн С.Батхүлэгийг дэмжихгүй гэдгээ УИХ-ын нэр бүхий гишүүд илэрхийлээд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярын байр суурийг сонслоо.


-Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн нэгнийх нь асуудал гацаанд орлоо. Хуулиараа С.Батхүлэг хуульчийн асуудал цаашид хэрхэн вэ?

-УИХ-ын Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигч Үндсэн хуульд заасан шаардлага хангахгүй гэж үзсэн. Шаардлага хангахгүй учир танилцахгүй гэсэн шийдвэр гаргасан. 


-Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр нэр дэвшигчийг солих боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр Хууль зүйн байнгын хороогоор дахин оруулж ирвэл яах вэ?


-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын дээд шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилдог

УИХ-д танилцуулахгүйгээр томилох эрх байхгүй. Хэрэв танилцуулахгүйгээр томилбол Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн Цэц дээр очно. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн байдалд оруулахгүй байх гэж бодож байна. УИХ-д танилцуулна гэдэг нь тухайн нэр дэвшигч хуульд заагдсан шаардлагыг хангаж байна уу үгүй юу, янз бүрийн ашиг сонирхолтой юу үгүй юу гэдгийг нийтэд танилцуулах гэж байна. Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага. Шударга ёс энэ юмаа гэж хэлдэг эцсийн цэг. Улсын дээд шүүхийн шийдвэрийг Монгол Улсын хүн бүр дагаж мөрдөнө. Тийм учраас бид энэ агуулгаараа өндөр сонор сэрэмжтэй хандаж байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр болон нэр дэвшигч С.Батхүлэг нар бол Оросод цуг сурч байсан оюутан цагийн найзууд.

Энэ нь өөрөө сонирхлын зөрчил үүсгэж байна. С.Батхүлэг уул уурхайн компанид хувь эзэмшдэг хүн. Тост, Тосон бумбын ордод хувь эзэмшдэг. Энэ орд газартай холбоотой асуудал шүүх дээр одоог хүртэл маргаантай байгаа. Банк санхүүгийн байгууллагын ажилтан. Тийм учраас болохгүй гэж байна. Ямар сонирхлоор дээд шүүхэд очиж хянах гээд байгаа юм

-Тэгэхээр Байнгын хороо С.Батхүлэг хуульчтай танилцуулгыг сонсохгүй гэсэн үг үү?


-Энэ парламент дөрвөн жил ажиллах хугацаандаа энэ хүний танилцуулгыг хүлээх авахгүй гэдгээ хоёр ч удаа мэдэгдсэн. Дахин оруулж ирсэн ч танилцахгүй. Хэрэв Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ хүний танилцуулгыг дахин оруулж ирвэл Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хариуцлага тооцно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ