Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Ц.Цогтын танилцуулгыг сонсов
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн танилцуулгыг сонслоо. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын гаргасан горимын саналын дагуу нэр дэвшигч тус бүрээр хэлэлцэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах нэр дэвшигчийг танилцууллаа.
Нэр дэвшигч Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 45 настай, эрэгтэй, ам бүл 2. 1983-1993 онд Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, 2007 онд АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллежийг хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. 2017 онд Япон Улсын Нагояагийн их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.
Тэрбээр 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслахаар, 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр, 2013 оноос одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
Нэр дэвшигч Ц.Цогт нь шүүгчээр 16 жил, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 9 жил ажилласан. Мөн 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд тавин хувийн багш, 2018-2019 онд цагийн багш, 2019 оны 09 дүгээр сараас Нийтийн эрх зүйн тэнхимийн гэрээт дэд профессороор тус тус ажиллаж байгаа гэв.
Нэр дэвшигч Ц.Цогт нь Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэжлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 88.64 оноо авчээ. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ш.Раднаасэд, Б.Энхбаяр, С.Амарсайхан нар нэр дэвшигч Ц.Цогт болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр нараас асуулт асууж, хариулт авлаа. Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигч Ц.Цогтыг танилцуулсан талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулахаар тогтов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ