УИХ-ын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгоно
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “УИХ-ын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгуулиар Ардын Их Хурал /АИХ/-ыг байгуулж, тэр үеийн БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар ажиллах анхны Засгийн газрыг байгуулсан. Улмаар 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал /УБХ/ анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын ажиллагаа эхэлсэн түүхтэй хэмээн тэрбээр танилцууллаа. УБХ хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтоох олон хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцыг баталсан юм. Мөн АИХ-аас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчимд тулгуурлан боловсруулж, өргөн барьсныг АИХ-ын депутатууд 76 хоног хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан. Ингэснээр, Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон.
УБХ-ын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт УБХ-ын ажлын аппарат нь УБХ-ын Тамгын газар мөн хэмээн тодорхойлсон. Ингээд түүний бүтэц, орон тоо, дүрмийг УБХ-ын дарга батлахаар заасан байсан юм. Ингээд төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын түүхэн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, хэвийн ажлыг хангахад анхны парламенттай хамт Тамгын газар нь үүсгэн байгуулагдсан байдаг. Өдгөө тохиож буй байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Монгол Улсын Их Хурал 30 жил” гэсэн ойн хүндэт медаль бий болгох нь зүйтэй хэмээн үзэж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-ыг үндэслэн төслийг боловсруулсан гэлээ. Тогтоолын төсөлд уг медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгасан байна.
Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийн хэлэлцэх эсэхийг дэмжих томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ