ГХЯ: АНУ-ын ТНБД Майк Помпеогийн манай улсад хийх айлчлал хойшлогдлоо
Гадаад харилцааны сайд Н.Энхтайвангийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ сарын 7-нд Монгол Улсад айлчлахаар болоод байсан.
Тэрбээр төлөөлөгчдийн хамт 7-нд хүрэлцэн ирээд тэр өдрөө буцахаар төлөвлөж байсан юм.
Гэвч түүний айлчлал хойшлогдсон талаар ГХЯ-наас мэдээллээ. Тодруулбал, яг одоо Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, АНУ-ын Элчин сайд М.Клечески нар энэ асуудлаар уулзаж байгаа аж. Улмаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлалын хойшлуулахаар болсон байна.
Айлчлалаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нь Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээр хийх байв. Мөн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, уулзалтаар АНУ, Монголын харилцаа, хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлэх байсан юм.
Дашрамд дуулгахад, Майк Помпео нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай их ойрын хүн. Д.Трамп нь эхнэртэйгээ хамт коронавирусийн халдвар авч, тусгаарлалтад ороод буй. Мөн түүний зөвлөх Хоуп Хикс мөн коронавирус туссан нь батлагдаад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ