Реппэр Roockie: Хэн нэгнийг шоронд ороосой гэж хүсэхгүй байна. Дургүй ч гэсэн тааралдаад явж байя

Реппэр Roockie саяхан "iLoft" клубт хутгалуулж эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ үеэр юу болсон тухай болон түүний биеийн байдлын талаар бид дуучинтай ярилцсаныг хүргэж байна. 

-За сайн уу Roockie, бие чинь сайн уу? Эмнэлгээс хэзээ гарсан бэ?

-Сайн, сайн байна уу? Эмнэлгээс нэгдүгээр сарын 17-нд гарлаа. Төлөвлөсөн ажил их байсан учраас эмнэлэгт хэвтээд байж чадсангүй. 

-Шинэ он дөнгөж гараад байтал жаахан таагүй мэдээлэлтэй уулзаж байна тийм ээ. Гэхдээ нэгэнт уулзсаных асуух ёстой байх. Юу болж өнгөрөв өө?

-Харин тэглээ, энэ явдалд үнэхээр харамсаж байна. Үүнээс болоод ажил төрөл, уран бүтээлдээ зориулах цаг хугацаагаа ч их алдлаа. Үнэндээ төлөвлөсөн ажлууд маань талаар болчих гээд байсанд хамгийн их сэтгэл дундуур байлаа. Тийм болоод эмнэлэгт ч удаан хэвтсэнгүй. 

-Ажилдаа харамсахаас өөр зүйлд харамссангүй гэж үү?

-Өөр ч юунд тэгтлээ харамсах вэ дээ. Үхээгүй л юм чинь. Нэг зүйл сонсоод тайвширсан нь юу вэ гэхээр хагалгаанд орох шаардлагагүй, мэсний шарх нь дотор эрхтэнд арай хүрээгүй гэдгийг сонсоод баярласан л даа.

-Хүмүүс шүүмжлэнгүй хандаж байна л даа. Залуучууд хутга мэсний хэрэгт орооцолдоод, реппэрүүд гэхээрээ ийм байх ёстой юм уу, чи юу гэж бодож байна?

-Би сүүлийн үед уран бүтээлээрээ хүмүүст хүрч, танигдсан маань олны ярианд болон хараанд их өртөх шалтгаан болжээ. Үүнийг амжилт гэж хэлж болох бол, би амжилттай яваа гэж өөрийгөө бодож байна. Гэхдээ нэг зүйл бодлоо. Хэтэрхий сайн явах нь аюултай юм байна даа гэж. Хэтэрхий муу явах ч бас аюултай. Ийм л санагдлаа. 

Болсон явдалд хандаж байгаа хүмүүсийн сэтгэгдлийг харж, ажиглаж байхад манайхан бас л болоогүй л юм шиг санагдсан. Гэхдээ өдий хүртэл хөгжсөн нь сайхан юм даа.

-Ер нь тухайн хэрэг гарсан шалтгаан юу байсан юм бэ? Нөгөө хүнээ өмнө нь таньж мэддэг, зөрчилдөөнтэй байгаад ийм явдал болсон юм уу, эсвэл зүгээр л тухайн мөчид л өрнөсөн зөрчил юм уу?

-Өмнө нь бид хоёр санал зөрөлдөж, маргалдаж байсан уу гэвэл тийм. Гэхдээ миний хувьд бол даамжраад байхаар хэрүүл маргаан биш байсан учраас өмнөх зөрчилтэй хамаагүй гэж бодож байна. Тухайн үед тэр найз охинтойгоо явж байсан ба тэр хоёр хүн хоорондоо ойлголцоогүй асуудлаа хөндлөнгийн надтай хамаатуулсан явдал болсон. Дээр нь согтууруулах ундаа хэрэглээд биеэ хянаж чадахгүй болсон байсан байх. 

-Тэр хүн нь ингэхэд хэн юм бэ? Дуучин юм уу. Реппэр юм уу?

-За яг дуучин, реппэр ч биш л дээ. Дуу хөгжимд сонирхолтой л байх. 

-Ер нь хип хопчид, танай үеийнхэн дотроо хэр эв түнжинтэй байдаг вэ?

-Бид нар хоорондоо эвтэй ш дээ. Хувийн харилцааны үүднээс бус зөвхөн уран бүтээлээрээ өрсөлддөг болохоор эвгүй байх шалтгаан ер нь байхгүй. Харин яг энэ хүрээллээс гадуур болоод ирэхээр үзэн ядагчид, атаархагчид, дургүй хүмүүс олон болоод ирдэг. Би ч өөрөө шулуухан, дургүй бол дургүйгээ хэлчихдэг зантай болохоор бүх хүнд таалагдах боломжгүй л дээ. Гэхдээ өөрийнхөөрөө амьдрахад өөрт минь амар байдаг юм. 

-Vandebo, Roockie нар эв түнжингүй байдаг гэж сонссон. 

-Яахав дээ, нэг их түнжингүйдээ ч биш л дээ. Би зүгээр л өөрийнхөө хэмжээг харуулсан гэж бодож байна. Түүнээс биш дисс хийсэн юм биш. Янз бүрийн факт яриад, нэрийг нь дурдаад дуулж болно, гэхдээ тэгэхийг хүсэхгүй байна. Зүгээр л өөрийнхөө аура, гэрлэн бүрхүүлийг бий болгож байна гэх үү дээ. Тэд саяхан хүртэл над руу биеэ бодоорой гэж зурвас бичиж үлдээсэн байсан. Мэндийн зөрөөтэй л явдаг даа.

-Тэгвэл чиний өрсөлдөгч хэн бэ?

-Би өөрөө л байх даа. Өөрийгөө л давж байж сэтгэл ханадаг. Өөр хүмүүс надад өрсөлдөгч шиг санагдаж байгаагүй. Үе тэнгийн залуу дуучдын дийлэнх нь миний фен байсныг мэдэх юм. Хип хопын шинэ урсгал, трап хөгжмийг хөгжүүлэхэд анхнаасаа л оролцоо өндөртэй яваа гэж өөрийгөө боддог. 

-Хип хопчид дотроо үеэрээ ялгардаг уу? Дээд үеийнхнээ хүндлэх гэх мэт ойлголт хэр байдаг вэ?

-Байлгүй яах вэ. Монголчууд угаасаа ах захаа хүндэлдэг соёлтой хүмүүс шүү дээ. Бидний хувьд ч адил. Хүндэлмээргүй байсан ч хүндлэх шаардлагатай, урлагт ялангуяа. Үл хүндлэлээс шалтгаалаад янз бүрийн зөрчил маргаан ч үүсэх тал бий тул үүнээс зайлсхийхийн тулд хүсэхгүй байсан ч хүндэл гэдэг хууль үйлчилдэг гэх үү дээ. 

-Тэгвэл уран бүтээлийн хувьд сонсож, үлгэр дуурайл авдаг хэн байна?

-Татарын Заяа гэж хэлнэ. Яах вэ нэлээн хэдэн жилийн өмнө би дөнгөж дуулж эхлэж байхдаа олон дуучид руу дуугаа явуулж байсан. Тэр үед тэдэн дотроос ганцхан хүн надад хариу өгсөн байдаг юм, тэр бол Гинжин. Тэгэхээр түүнийг бас хүндэлдэг гэж хэлж болох юм. Гэхдээ нэг их харилцаатай бол байдаггүй. Ер нь тэгээд заавал нэг их бусадтай харилцаатай, ах дүүс болоод яваад байх хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. 

-Саяхан бас шөнийн клубт нэр бүхий реппэр хутга шөвөг гаргаж ирж, асуудал үүсгэсэн тухай сонссон. Чи үеийнхээ залууст хандаад иймэрхүү зүйлсээс хол байхыг уриалаач гэвэл хэлэх зүйл байна уу?

-Ер нь бол дэмий дээ. Надад тохиолдсон явдлын хувьд би өөрийгөө хохирогч боллоо гэж янз бүрээр бодохоос илүүтэй дуу хөгжмөө л их бодсон. Эргээд хурдан босох тухай л бодсон. Хэрвээ шүүх энэ тэртээ тулбал би намайг хутгалсан хүндээ гомдолгүй байх талаар хичээнэ ээ. Яагаад гэвэл нэг нь шоронд ороод ял эдлээд суудаг, би энд ажлаа хийгээд, миний карьер өсөөд явж байдаг, ийм зүйл болвол миний үнэт зүйлтэй зөрчилдөх юм шиг санагдаж байна. Монголд өсвөр насны хүүхдүүдээс авахуулаад, олон залуус ял эдлэж, шоронд сууж байгаад би хувьдаа эмзэглэдэг. Хэдий хууль зөрчсөн боловч, тойроод гарч болох байсан жижигхэн алдаанаас болоод шоронд орох үнэхээр харамсалтай шүү дээ. Тиймээс би хэн нэгнийг шоронд байгаасай гэж хүсэхгүй байна. Дургүй ч гэсэн ядаж тааралдаад явж байвал зүгээр. Ер нь тэгээд хүн янз бүрийн асуудалд орооцолдохгүйн тулд хичээх хэрэгтэй, үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Зөв хүн байх гэдэг чухал шүү. 

-За баярлалаа. Хоёулаа уран бүтээлийн тухай ярья. Одоо юу хийж байна? Чиний дууны хөгжмийг хэн хийдэг юм бэ ингэхэд? Өөрөө хийх үү?

-Заримдаа онгод орвол өөрөө хийнэ. Бусад үед бол миний аян дээр Man on the moon гэж артист ажилладаг юм. Клипэн дээр маань Мөнхтулга гэж залуу хамтардаг. Миний хувьд тэр хоёр бол салбартаа номер нэг. Бид гурав энэ жилдээ хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Би ч гэсэн өөрийн салбартаа өөрийгөө чаддаг гэж боддог. Бидний хоршил гоё болох байх. 

Яг одоо Man on the moon бид хоёр нэг шинэ дуун дээр ажиллаж байна. Солонгост тоглох тов гарсан. Бас нэг клипний ажилтай байна. Завгүй л байна даа ер нь бол. Гэхдээ бие маань хангалттай сайжраагүй байгаа л даа үнэнийг хэлэхэд. Тэглээ гээд хэвтээд байвал хэвтээд л байх юм байна, эдгэх нь ч удаан санагдсан. Тэрний оронд тэвчээд, босоод, хийх юмаа хийгээд явж байхад хурдан эдгэх байх.

-За баярлалаа, хурдан эдгээрэй. 

-За уншиж байгаа хүмүүст мэнд хүргэхийн ялдамд нэг бодлоо хуваалцъя. Залуучууд юмны наадах цаадахыг ялгаж салгаж хардаг байгаасай. Яагаад ийм байна вэ гэдгийг асууж лавлаж, дүгнэлт хийдэг байгаасай. Тэр болгон бүх юм сайхан биш л дээ, гэхдээ сонсогч үзэгчдэдээ сайхан юм үзүүлэх гэж маш их хичээдэг учраас биднийг аль болох дэмжиж байгаарай. Та нарт сайн сайхныг хүсье. 

ublife Ж.МӨНХЗУЛ 

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ