Монгол ээжүүдийг атаархуулсан хойд хөршийн бодлого
Орос ээжүүд төрөөсөө 20 саяын тэтгэмж авч байхад монгол эхчүүдийн сарын 50 мянган төгрөг хүүхдийнхээ живхийг авч хүчрэхгүй байна
Манай улсын хүүхдэд өгч буй 20 мянган төгрөг 1996 онд хойд хөршийн хүүхдэд өгч байсан мөнгөнөөс ч бага байгаа нь өрөвдөлтэй. Хойд хөршийн шинэ төрсөн ээжүүддээ өгч буй тэтгэлэг нь монгол мөнгөөр байрны урьдчилгаатай тэнцэж байна
Аливаа улс гүрэн олуулаа болж байж улам хүчирхэгжинэ гэдгийг мэдэрч, хүн амаа өсгөх бодлого барьж байна. Хэдэн зуун сая хүн амтай улс орнууд шинэ төрсөн ээжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар төрөлтийг нэмэгдүүлэхэд ихэд анхаардаг болжээ.
Дэлхийн том гүрнүүдтэй хөл нийлүүлэн алхъя гэвэл хүн амаа өсгөх бодлого барих нь чухал. Бид дэндүү том газар нутагт тархан суурьшиж амьдардаг нь хөгжихөд саад болж байна. Хэрэв хүчирхэгжиж хөгжье гэвэл ерөөсөө л олуулаа болох хэрэгтэй.
БНХАУ л гэхэд хүний олноор хөгжин цэцэглэж байна шүү дээ. Төрөлтийг хазаарлаж, нэг хүүхдийн бодлого барьж байсан бол өнгөрсөн жилээс нэг айл хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрдөг боллоо. Хүн нэмбэл хүрз нэмнэ, хүрз нэмбэл, хүнс нэмнэ гэж хятадууд ярьдаг аж.
Дэлхийн том гүрнүүдтэй хөл нийлүүлэн алхая гэвэл хүн амаа өсгөх бодлого барих нь чухал юм.
Иймээс улам олуулаа болохоор чармайж байна. Хойд хөршийн ерөнхийлөгч Путиний хүн амаа өсгөх халамжийн бодлого бусад орны анхаарлыг татаад байна. Тэрбээр саяхан болсон холбооны хуралд оролцохдоо “Хүн амын өсөлт сэтгэл түгшээж байна.
Манай улс 147 сая хүн амтай. Одоо хүн амын өсөлт хүндрэлтэй байдалд орж байна. 2000 оны үед авсан арга хэмжээг эс тооцвол хүн амын өсөлтийг дэмжих талаар ахицтай ажил хийж чадсангүй. Хүн амын өсөлт буурах хандлагатай болчихлоо.
Тиймээс энэ өсөлтийг зогсонги байдалд оруулж болохгүй. Энэ талаар анхаарлаа хандуулах шаардлагатай” гэж хэлжээ. ОХУ “Эхийн хуримтлалын хөтөлбөр” хэрэгжүүлдэг бөгөөд үүний хүрээнд төрсөн ээжүүдэд нэг удаа 466 мянган рублийн тэтгэмж өгдөг аж.
Энэ нь монгол төгрөгөөр бол 20 орчим сая болж байгаа юм. Хоёр дахь хүүхдээ төрүүлж буй ээжүүд энэхүү тэтгэлгийг хүртдэг байсан бол 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн анхны хүүхдээ төрүүлж буй ээжид ч тэтгэмж өгдөг болж байна. Харин хоёр дахь хүүхдээ төрүүлж буй эхэд олгох тэтгэмжийг 150 мянгаар нэмж, 616 мянган рубль болгохоор шийдвэрлэжээ. "Эхийн хуримтлалын хөтөлбөр"-ийг 2026 он хүртэл хэрэгжүүлнэ гэдгээ ерөнхийлөгч Путин мэдэгдээд байна.
Түүнчлэн 3-7 настнуудад хүүхдийн мөнгө олгох санаачилга гаргажээ. Ингэхдээ тухайн өрхийн амьжиргааны түвшинг харгалзан үзэх бөгөөд бага орлоготой айлын хүүхдүүдэд тэтгэмж өгөх юм байна. ОХУ-д амьжиргааны баталгаажих доод түвшнийг сарын 5500 рубль гэж тогтоосон байдаг. Ийм хэмжээний орлоготой өрх хоногийн хоолоор тасрахгүй байх боломжтой гэж үздэг аж.
Тэгэхээр үүнээс доогуур орлоготой өрхүүд хүүхдийн мөнгө авна гэсэн үг. Ингэхдээ нэг хүүхдэд сар бүр 15000 рубль өгөхөөр тооцоолжээ. Халамжийн бодлогоо тэлэхдээ төсвийн тогтвортой байдлыг барина гэдгээ мэдэгдээд байна. Зөвхөн хоёр хөршөөр тогтохгүй бусад улс орнууд ч хүн амаа өсгөхөд ихээхэн мөнгө зарцуулж байна. Тухайлбал, Австрали улс хамгийн их буюу 3613 ам.доллар, унгар 765 ам.доллар, Польш 278 ам.доллар, грек 135 ам.доллар олгодог ажээ.
Дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж буй ээжүүдийн олонх нь амьжиргаа доогуур хүмүүс байдаг аж.
Япон улс нэг хүүхдэд гурван нас хүртэл нь 15000, 4-14 нас хүртэл нь сар бүр 10000 иен өгдөг юм байна. Мөн аав, ээжид нь сар бүр нэг хүүхдийн 13000 иенийн тэтгэмж олгодог тухай олон жил тус улсад амьдраад ирсэн эрхэм сонирхууллаа. 140 сая гаруй хүн амтай улс төрөлтийг дэмжихгүй бол болохоо байлаа хэмээн санаа зовниж суухад гуравхан сая хүнтэй Монгол улсын төр, засгийн удирдлагууд огтхон ч сэтгэлээ чилээж байгаа шинж алга.
2030 оны боловсролын төлөв байдлаас үзвэл цэцэрлэгийн насныхны тоо төдийлэн нэмэгдэхгүй гэсэн статистик гарчээ. Тодруулбал, 2030 онд цэцэрлэгт хамрагдалт -1 пунктээр буурах тооцоо гаргасан байна. Үүнээс 2028 онд төрөлт эрс багасах нь. Дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлж буй ээжүүдийн олонх нь амьжиргаа доогуур хүмүүс байдаг аж. Хүн амын талаар тодорхой, тооцоололтой бодлого барихгүй бол 2030 он гэхэд дөрвөн саяд хүрнэ гэдэг эргэлзээтэй болоод байна.
Уг нь сүүлийн жилүүдэд төрөлт өсөж ирсэн. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаанаас харахад 2018 оны байдлаар улсын хэмжээнд 77,058 эх амаржсан нь 2017 онтой харьцуулахад төрөлт 3,174 тохиолдлоор буюу 4.3 хувиар өсчээ. Гэхдээ бас нэг сөрөг мэдээлэл бий. Юу гэвэл нь хүн амын нас баралт төрөлттэйгээ дүйцэх хэмжээнд байгаа аж. Тиймээс хүн амаа өсгөх талаар дорвитой ажил хийх цаг болжээ.
Хүн амаа нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан алдарт ээжүүдийг олигтойхон урамшуулдаг болмоор байна. Нэгдүгээр одонтой ээж жилд 200 мянга, хоёрдугаар одонтой ээж 100 мянган төгрөгийн урамшуулал авч буй нь бусад улс оронтой харьцуулшгүй бага дүн юм. Тиймээс одонтой ээжүүдийг ч гэсэн олигтойхон урамшуулах бодлого дутагдаж байна. Орос эмэгтэйчүүдийн төрөөсөө хүртэж буй урамшууллын дэргэд манайхны тэтгэмж дэндүү чамлалттай байгаа юм.
Монголчууд ядаж таван саяулаа болчихвол хөгжил арай өөр болохсон. Эрхэм Ерөнхийлөгч өө, сайн найз Путинийхээ санаанаас хуулаач.
Б.Гандолгор
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ