Л.Оюун-Эрдэнэ:Би тэмцлийн хурц хэлбэрийг ганцаараа хийе, суулт, өлсгөлөн зарлая гэсэн.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүд хуралдаандаа оролцохгүй байгаагаас гацсан. Чуулганы хуралдаандаа оролцохгүй, УИХ-ын даргыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж байгаа гишүүд мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Өнөөдрөөс бид гурван долоо хоногийн өмнө УИХ-ын даргыг албан үүргээсээ чөлөөлөгдөхийг шаардсан. Энэ хугацаанд УИХ-ын хуралдаан тасалдлаа. УИХ-ын дарга чуулганы үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэгтэй. Ингээд Монгол Улсад Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөж болдог. Ерөнхийлөгч хүртэл албан тушаалаасаа чөлөөлөгдөж болдог. Гэтэл УИХ-ын дарга хуулийн ард нуугдаж, албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй гэж байна. 

 

УИХ-ын даргатай уулзахад "та бүхэн асуудлаа албан бичгээр тавих ёстой "гэсэн. Ингээд өнөөдөр 38 гишүүний гарын үсэгтэй УИХ-ын даргыг огцруулах бичгийг өргөн барих гэж байна. Нийт сонгогчдын олонхийг бүрдүүлж байгаа УИХ-ын гишүүд гарын үсэг зурсан хэмээлээ.

 

Уг шаардлагад "УИХ-ын дарга М.Энхболд та хуулийн дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана уу. Бид таныг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдтөл чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй. Үүнээс үүсэх эрсдлийг УИХ-ын дарга та хүлээнэ" гэжээ. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Улс төрийн манан арилаагүй цагт Улаанбаатарын утаа арилахгүй. М.Энхболд гэдэг хүн Ц.Элбэгдоржтой хамтарч  мананг бий болгосон. Энэ МАНАН-г нураана. МАНАН-гийн толгойлогчтой хамтарч ажиллахгүй гэж бид гарын үсгээ зурлаа. Маргаашийн дотор огцрохгүй бол бид нийт монголчуудтайгаа, иргэний нийгмийн байгууллагатайгаа хамтарч бүх ард түмний тэмцэлдээ орно. Хуулиар огцруулж чадахгүй бол гудамж руугаа гарч, ард түмэнтэй хамт, чирч гаргана. МАНАН-гийн эсрэг тэмцэл улам эрчимжиж байна. 

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-УИХ-ын дарга гэдэг бүхэл бүтэн институци болжээ. Гадаадын улс оронд УИХ-ын гишүүд нь УИХ-ын даргаа огцрохгүй бол чирч гаргадаг юм байна. 

 

Тэднийг мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

 

-Яагаад та бүхэн энэ асуудлаа нам дотроо шийдэж болоогүй вэ?

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

 

-Монголчууд бид маш өрөвч, маш туйлбаргүй хүмүүс. Энэ асуудал болохгүй байна гэдгийг удаа дараалан илэрхийлж байсан. Одоо эргээд энэ асуудлыг хэлэхээр өрөвдөөд, "байж л байг" гэсэн өнцгөөр хандаж байна. Тэгвэл тэмцэж яах юм, дуртайдаа би тэмцээд байна уу. Би тэмцлийн хурц хэлбэрийг ганцаараа хийе, суулт, өлсгөлөн зарлая гэсэн. Одоо бид 40-үүлээ зөвлөлдөж байна. Бид ард түмэнтэйгээ эсэргүүцлийн хэлбэрт шилжинэ. Энхжаргал, Элбэгдорж, Дорлигжав, Хурц нарын гарт бизнесээ дээрэмдүүлэхгүйн төлөө тэмцэх ёстой. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Л.Оюун-Эрдэнэ гишүүн залуу хүмүүсийнхээ хувьд хурц хэлбэрт шилжинэ гэдгийг нь бид хойшлуулсан. Бид 1990 онд тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байхад юу ч болж болох байсан. Хуягт танкаа ч бэлдсэн байсан. Гэхдээ Ж.Батмөнх гуай огцорсон. Парламентад өнөөдөр тэмцэл явагдаж байна. Энэ бол та нарын ялалт. Та бүхнийг хувьсгалыг ялалтад хүргэхийн төлөө ард түмнийхээ талд байгаасай гэж хүсч байна. 

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Зөвхөн өнөөдөр УИХ-ын даргыг огцруулах гэж тэмцээд байгаа юм  биш. УИХ-ын гишүүний тангараг өргөснөөс хойш бид эв санааны нэгдлийг бүрдүүлж ажилласан. Бид өнөөдөр алхмаа шийдэмгий бүрдүүлж байгаа. Өнөөдрийн тогтолцоог өөрчлөхийн төлөө тэмцэж байна. Өнөөдөр эдийн засгийн амаргүй нөхцөл байдалд байгаа ч тэмцлээ зогсоохгүй үргэлжлүүлнэ. Энэ асуудлыг УИХ-ын даргыг огцруулснаар бүх зүйл сайхан болохгүй ч өөрчлөлт шинэчлэлтийн гэрэл гэгээ тусна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ