М.Энхболд:Засгийн газрын гишүүд ирээгүйгээс УИХ хуралдахад бэрхшээл үүсч байна
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10 цагаас хуралдах товтой. Одоогийн байдлаар чуулганы танхимд 31 гишүүн орж ирсэн байгааг УИХ-ын дарга танилцууллаа. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд:
-Өнөөдөр хугацаатай, яаралтай горимоор хэлэлцэх гэж байгаа асуудлууд яригдах ёстой. Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх ёстой. Энэ хуулийг 12 сард багтаан хэлэлцэх ёстой. Шинэ он гарахаар алт олборлогчдод хууль, эрхзүйн асуудал үүснэ.
Ерөнхий сайдаас өргөн барьсан ХХААХҮ-ийн сайдыг томилох ёстой. Өвөлжилт хүндэрсэн энэ үед салбарын сайдыг томилж чадахгүй гурван долоо хонож байна. Ерөнхий сайдаас өргөн барьсан ЗТХ-ын сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын өргөн барьсан санал асуулга, Төрийн албаны тухай хууль ирэх онд хэрэгжихтэй холбоотй гэх мэтчлэн цаг хугацаатай олон асуудал байна. Тийм учраас гишүүд чуулганы хуралдаандаа оролцож, шийдэх асуудлаа шийдээд явах хэрэгтэй. Засгийн газрын гишүүд орж ирэхгүй байгаагаас УИХ хуралдахад хүндрэл бэрхшээл үүсч байна. Өнөөдөр 10.00 цагаас хойш 45 минут гишүүдийг хүлээж байна" хэмээв.
УИХ-ын дарга чуулганы хуралдаандаа хүрэлцэн ирээгүй гишүүдийн нэрсийг зарлан, танхимдаа орж ирэхийг анхаарууллаа. Өнгөрсөн долоо хоногт мөн чуулганы хуралдааны ирц хүрээгүйгээс хэлэлцэх асуудал хойшлогдсон. Энэ удаад ч УИХ асуудлаа шийдээд явах эсэх нь эргэлзээтэй, Засгийн газрын гишүүд орж ирж, ирц бүрдүүлэхгүй байгаагаас хүлээлт үүссээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ