Тэр яавч буруу хүн биш .. /Б.Бямбасайханы тухай/

Баривчилгаа, нэгжлэг ар араасаа шил дарсан өдрүүд үргэлжилсээр... Баривчлагдан саатуулагдсан хүмүүсийн нэрс ч нэмэгдсээр байна.

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" -ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр тооцон баривчилсан билээ. Тэднийг "Оюутолгой" төслийн гэрээтэй холбогдуулан сэжигтнээр татан шалгаж байгаа аж.

"Оюутолгой" хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны УИХ-ын 57-р тогтоолоор гэрээ хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр өгсөн байдаг.Уг хөрөнгө оруулалтын гэрээг УИХ батлаагүй, харин С.Баярын Засгийн газар баталсан. Тухайн үед ажлын хэсгийг Эрчим хүч, эрдэс баялгийн сайд Д.Зоригт ахалж байсан учраас асуудалтай холбоотой гол хүмүүсийг шалгаж байцаахгүйгээр зөвхөн АН-ын гурван хүнийг хорьж байгаад улс төрийн нөлөөлөл байна уу гэсэн болгоомжлол тус намынханд төрөөд байгаагаа өнөөдөр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хурал дээрээ илэрхийлсэн билээ.

Эдгээр баривчлагдсан хүмүүс дунд Б.Бямбасайхан орсон явдал олон нийтийн харамслыг төрүүлж байна.

Тэрээр төрийн өмчит компанийн засаглалыг эрүүлжүүлэх талаар голлон ажиллаж байсан ганц хүн гэхэд хилсдэхгүй байх.

Түүний мэдлэг боловсрол, чадварыг олон ч хүмүүс үнэлдэг. Зөвхөн гадаадад сурч боловсорсноороо бус, хүнийхээ хувьд яавч муу зүйл хийх хүн биш гэдгийг түүнийг сайн таньж мэддэг хүмүүс өгүүлцгээж байна.

Тухайн үед эдгээр залуус мэдээж, дээд тушаалын хүмүүсийнхээ /Ерөнхий сайд асан С.Баяр, ажлын хэсгийн ахлагч, сайд асан Д.Зоригт/ тушаалыг биелүүлж ажилласан нь эцэстээ ийнхүү хоригдож шалгагдахад хүрээд байгаа бололтой.

Ямартай ч, "жоомоо хөнөөх гээд байшингаа шатаав" гэгчийн үлгэр болж, мэдлэг чадвартай залуусаа битгий хэлмэгдүүлээсэй хэмээн хүснэм...

Д.Мөрөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ