Тэр ГЭМГҮЙ БАЙСАН... юм байна
18 настай Хөгжилт хэмээх Өвөр Монгол залуу Хөх хот дахь оёдлын үйлдвэрийн ариун цэврийн өрөөнд хэзээ ч харж байгаагүй аймшигтай зүйлийг үзжээ. Ян хэмээх эмэгтэйг хүчирхийлж, боомилон хөнөөсөн байлаа.
Энэ аймшигтай зүйлийг үзсэн залуу шууд цагдаагийн газарт очиж, цогцосны тухай мэдүүлэг өгчээ. Харин 48 цагийн дараа цагдаа нар түүнийг энэ хэрэгт буруутай хэмээн баривчилж, сарын дараа ялын дээд хэмжээ оноосон бөгөөд тухайн жилийнхээ зургадугаар сарын 10-ны өдөр ялыг гүйцэтгэж, Хөгжилтийг буудан хороосон юм.
Аймшигт хэрэг болсноос 61 хоногийн дараа ийнхүү эрх баригчид Хөгжилтийг хорвоогоос тонилгожээ.
Арав хүрэхгүй жилийн хойно эрх баригчид Жао Жихун хэмээх 42 настай цуврал алуурчныг баривчлав. 13 охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлж, 10-ынх нь амийг бүрэлгэсэн энэ этгээд 1996-2005 онд баривчлагдах хүртлээ гэмт хэрэг үйлджээ.
Жао Жихун 2006 оны арван хоёрдугаар сард хийсэн хэргүүдээ бүгдийг хүлээсэн бөгөөд түүний үйлдсэн хэргүүд дунд 1996 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Хөх хотын оёдлын үйлдвэрийн ариун цэврийн өрөөнд болсон аймшигт аллага багтсан байв.
Жаогийн шүүх хурал 2014 оны арван нэгдүгээр сар хүртэл хойшилж, 2015 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Хөх хотын дунд шатны шүүхээс цаазын ял сонсжээ.
Жао Жихун
Бараг 20 жил сэтгэл нь эмтэрч, нулимс нь хатаагүй Шан Айюн 2014 оны арван хоёрдугаар сард шүүх танхимд дахин орж ирэв. Энэ удаад түүний хүүгийн хэргийн дахин шүүхээр болсон бөгөөд Хөгжилтийг гэм буруугүй гэдгийг тогтоожээ.
Бээжингийн Их сургуулийн хуулийн профессор Хө Вейфан цаазын ялыг халахыг дэмждэггүй
Шүүх хурлын үр дүнд Хөгжилтийн хэрэгт холбогдуулан нэг этгээдийг гэм буруутай хэмээн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бол бусад 26 этгээдэд бага хэмжээний торгууль, баривчлах ял оноосон аж.
Шан Айюн энэхүү шүүх хурлын дараа “Энэ хүмүүсийн аль нь ч буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх зориг алга. Ийм хүмүүс яаж хэргийг үнэн зөвөөр шүүн таслах юм бэ?” хэмээн Global Times сонинд ярьжээ.
Үүнтэй төстэй хэрэг 1992 онд Жөжян мужид гарсан бөгөөд сэжигтнийг 22 жилийн дараа л хилсээр хүн амины хэрэгт буруутгасан болохыг, 2014 онд хоёр хүүхэд хордуулсан хэрэгт буруутсан Фүжиан мужийн иргэн мөн буруугүй болохыг тогтоосон хэдий ч нэг ч алба хаагч шийтгүүлэлгүй өнгөрсөн аж.
Хонконгийн Хүний эрхийн ажиглалтын байгууллагын судлаач Маяа Ван “Хятадын хууль сахиулагчид аливаа хэргийг хурдхан илрүүлэх дарамт ихтэй нөхцөлд ажилладаг. Тийм ч учраас сэжигтнийг тамлан зовоож, тарчлааж байж хэрэг хүлээлгэх явдал их байдаг юм” гэжээ.
Хятадын эрх баригчид сүүлийн жилүүдэд хилсээр буруутсан гэмт хэргүүдийн талаар илүү нээлттэй байх болсон бөгөөд зөвхөн 2014 онд гэхэд 1300 гаруй шүүхийн шийдвэрийг эргэн харж, дахин шүүх хурал явуулсан юм.
Бээжингийн Их сургуулийн хуулийн профессор Хө Вейфан цаазын ялыг халахыг дэмждэггүй бөгөөд буруу зүйл хийсэн хүмүүс энэ ялаа үүрэх ёстой гэж үздэг аж. Гэхдээ тэрээр “Хятадад шүүгч, прокурор зэрэг өндөр албан тушаалтнуудыг мөрдөн шалгах тогтолцоо байдаггүйгээс болоод бага шатны алба хаагчид бурууг нь үүрдэг явдал түгээмэл байна” гэжээ.
Хөгжилтийн гэр бүлийнхэн
Хөгжилтийн хэргийн тухайд тухайн үед алба хааж байсан 11 цагдаагийн алба хаагч, прокурорын газрын долоон алба хаагч, Өвөр Монголын дээд шүүхийн таван алба хаагч, Хөх хотын дунд шатны шүүхийн гурван ажилтныг шийтгэсэн юм.
Гэхдээ Хятадын эрх баригчид цаазын ялын гүйцэтгэлийг улсын нууц гээд хэзээ ч албан ёсны тоо баримт гаргаж байгаагүй
Түүний эцэг эх нь олон жилийн турш хүүгээ буруугүй гэдгийг батлахын тулд шүүх, цагдаагийн газруудаар явж, Хөх хотоос Бээжин рүү хэд хэдэн удаа очсон ч бүтэлгүйтэж байжээ. Харин Жао Жихун хэргээ хүлээснээр асуудал дахин сөхөгдсөн аж.
Шүүхээс Хөгжилтийн эцэг эхэд нийт 410 мянган ам. доллартой тэнцэх нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан юм. Хятадын шүүхийн албан ёсны мэдээллээс харахад 2013 онд баривчлагдсан сэжигтнүүдийн 99,93 хувь нь гэм буруутай нь тогтоогдсон гэжээ.
Түүнчлэн 2011 онд эрх баригчид 68 гэмт хэрэгт ялын дээд хэмжээ оноодог байснаа 55 болгон бууруулсан юм. 2000 оны үед БНХАУ-д жилдээ 10 мянга гаруй хүний цаазын ялыг гүйцэтгэдэг байсан бол 2013 онд 2400 болж буурсан хэмээн Дуй Хуй хүний эрхийн сангаас мэдээлжээ.
Гэхдээ Хятадын эрх баригчид цаазын ялын гүйцэтгэлийг улсын нууц гээд хэзээ ч албан ёсны тоо баримт гаргаж байгаагүй.
1996 онд хүчин, хүн амины хэрэгт буруутгагдан цаазлуулсан Хөгжилтийг бүтэн 18 жилийн дараа цагаатгаж, шарилыг нь 2015 оны арван нэгдүгээр сард өөр газарт шилжүүлэн, дахин оршуулсан юм.
Эцэг эх нь шүүхээс авсан цагаатгалын бичгийнхээ хуулбарыг булшных нь дэргэд шатааж "Хүү минь чамайг цагаатгасан" хэмээн нулимс дуслуулан өгүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ