Л.Гүндалайгийн үеэл дүү гэх О.Одсүрэн Зайсан толгойн зүүн энгэрийг ухуулж эхэлжээ
Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн дурсгал болон сүндэрлэдэг Зайсан толгойн зүүн энгэрийг хүчит техникээр сэндийлэн ухаж эхэлжээ. Нийслэлийнхний чөлөөт цагаа өнгөрөөдөг, жуулчдын очих дуртай газруудын нэг тус толгойн зүүн энгэрт гуравдугаар сарын 21-ний оройноос төмөр хашаа барьж, ямар ч зөвшөөрөлгүйгээр ийнхүү ухаж эхэлсэн байна.
Хэн гэгч этгээд тусгай хамгаалалттай энэхүү газар ийнхүү дур зоргоороо авирлана вэ? Өнгөрсөн сарын сүүлээр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагчид Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан толгойн зүүн энгэрт газар шорооны ажил хийж буй хүмүүсийг үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан ч нохой хуцсан чинээ тоогоогүй аж.
Тиймээс цагдаагийн байгууллагад хандаж, тусламж авснаар үйл ажиллагааг нь гуравдугаар сарын 22-ны өдрөөс хойш гурав хоног зогсоолгосон байна. Энэ үеэр иргэн О.Одсүрэн гэх хүн ирээд “Бид ухуулсан юм. Одоо ухахаа зогсоосон байгаа” гэжээ.
Тэндэхийн оршин суугчдын мэдээлснээр, “Чоно борооноор, хүн чөлөөнөөр” гэгчээр тус дархан цаазат газрыг ухаж буй хүмүүс иргэдийг унтах цагаар газар шорооны ажлаа үргэлжлүүлсээр байгаа аж.
Улсын байцаагчдын хэлж буйгаар Зайсангийн зүүн энгэрийг ухаж буй хүмүүс “Бид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна” гээд, улсын байцаагчдыг төмөр хашаа руугаа нэвтрүүлээгүй байна.
Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч н.Оюут "Гурав дахь удаагаа хүчээр үйл ажиллагааг нь цагдаагийнхтай зогсоогоод байна. Өглөө ирэхэд үйл ажиллагаагаа явуулаад, хоёр байгаль хамгаалагчийг хашаа руу нь орох гэтэл түлхээд хөөж гаргасан. Би мэргэжлийн хяналтын улсын байцаагч байна, үйл ажиллагааг чинь шалгая" гэхэд “Үгүй ээ, таныг оруулахгүй” гээд түлхэж хөөж гаргаад хашаагаа онгойлгоогүй. Тэд “Бид өөрсдийнхөө эзэмшлийн газар дээр юмаа хийж байна. Чи айлд орохдоо хаалгыг нь тогшдог юм байгаа биз дээ. Чамайг оруулахгүй" гээд хөөсөн” гэв.
Мөн тэрээр "Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны хоёр сарын 23-ны өдрийн А37 тоот, хууль бус зөвшөөрөлгүй баригдсан хашаа байшин, барилга байгууламжийг буулгах тухай тушаал гарсан. Мөн энэ газар үйл ажиллагаа явуулж, ашиглалт хийхийг түр зогсоох тухай Нийслэлийн прокурорын газрын 2018 оны гуравдугаар сарын 21-ний 03 дугаар тогтоол гарсан.
Өмнө нь Нийслэлийн прокурорын гаргасан тогтоолыг гардуулж өгсөн ч амралтын өдрүүдийг далимдуулж, үйл ажиллагаагаа явуулсаар байгаа. Энэ бол зөвхөн нэг аж ахуйн нэгж дээр гарч байгаа зөрчил. Богд ууланд 2146 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас зарим нь хууль илтэд зөрчдөг учраас бидэнд хүн хүч их хэрэгтэй байдаг” гэв.
Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн хэлэхдээ "Кадастраар хэн нэгэн сайд тушаал гаргасан бол өөр хэрэг. Тийм тушаал нэг ч байхгүй. Өөр газрын кадастрын зураг, тушаал харуулаад манайх гээд яваад байгаа байхгүй юу. Яг өдөр тутмын үйл ажиллагааг нь хянаж байгаа бид ирээд "Наадах чинь биш ээ, болохгүй" гэж хэлээд нэмэргүй байна” хэмээн хэлсэн юм.
-ИРГЭН О.ОДСҮРЭНД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭН, ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ-
Улсын байцаагчдын мэдээлснээр, Зайсан толгойн зүүн энгэрт иргэн О.Одсүрэн гэгч ийнхүү ямар ч зөвшөөрөлгүйгээр барилгын суурийн газар шорооны ажил явуулж байгаа ажээ. Гэвч түүний цаана хэн гээч эрхэм байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, О.Одсүрэн нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хамаатан бөгөөд О.Одсүрэнд холбогдох хэргийн шүүх хурал дээр Л.Гүндалай ирж суусан нь түүнийг баталсан аж.
Одоогоос дөрвөн жилийн тэртээ буюу 2014 онд Зайсангийн оршин суугчид хэвлэлийнхэнд хандаж, Зайсанд барилгын ажил хэрээс хэтэрсэн талаар мэдээлж байсан билээ. Энэ үеэр тэд Л.Гүндалайгийн эгч Л.Оюундалайгийн хүү О.Одсүрэн иргэдийн орон гэрийг хүч хэрэглэн буулгаж, газрын дээрэм хийж байгаа тухай мэдээлж байв.
Иргэн О.Одсүрэн прокурорын дүгнэлт хүртэл гарсан байхад дээрх газар үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас холбогдох байгууллагуудаас түүнд ийн дураараа аашлах боломж дахин олгохгүйгээ хэлж байна.
Мөн тэд албан байгууллагууд болон хувь хүмүүс анх төслөө өгөхдөө гоё тохижуулна, нийслэлийн иргэдийн амарч зугаацуулах орчныг бүрдүүлнэ гэж газар ашиглах эрхээ авдаг ч барилга барьсан хойноо барилгын зориулалтыг өөрчлөн, орон сууц болгож буй тохиолдол цөөнгүй гарсаар байгаа талаар хэлсэн юм.
Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын мэргэжилтэн Н.Эрдэнэбилэгийн хэлснээр, иргэдээс ирсэн гомдлын дагуу иргэн О.Одсүрэнд гуравдугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Зөрчлийн тухай хуулиар зөрчлийг арилгуулж, торгуулийн арга хэмжээ аван, газрыг нөхөн сэргээлгэх ажээ.
Д.Туяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ