Шүлхийгээс сэргийлсэн ариутгал “хүүхдийн тоглоом” юм биш үү

Өнөөдрийн байдлаар нийслэлийн нэг дүүрэг, 12 аймгийн 33 суманд шүлхий өвчин дэгдээд байна. Гуравдугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу 22-ын товчоо орчимд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Шинжилгээгээр тухайн газарт мал аж ахуй эрхэлдэг иргэн Т-гийн үхрээс шүлхийн шинж тэмдэг илэрч, малыг устгалд оруулж, холбогдох арга хэмжээ авсан байна. Цагдаа, тагнуулын байгууллага эл асуудлыг шалгаж эхэлжээ.

Бид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Засаг дарга В.Сүхбаатартай холбогдож энэ талаар тодорхой мэдээлэл авахыг зорьсон боловч тэрбээр “Хуралтай байна”, “Би хоолондоо орж байна” гэхчилэн хэлж, илтэд дургүйлхэн мэдээлэл өгөхөөс татгалзаж буйгаа илэрхийлсэн юм.

Мал эмнэлэг, үржлийн газрын Мал эмнэлгийн үржлийн хэлтсийн дарга Б.Цолмон энэталаар хэлэхдээ"Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд шүлхийн сэжигтэй тохиолдол илэрсэн нь үнэн. Иргэн Т-гийн 30 гаруй үхрийн нэгээс шүлхийн шинж тэмдэг илэрсэн. Уг бүсэд арваннэгдүгээр сард шүлхийн вакцинжуулалт хийсэн бөгөөд шүлхийн сэжиг илэрсэн үхрийг вакцинжуулалтад хамруулаагүй байх магадлалтай байна” гэв.

Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг рүү нөөцөд байсан шүлхийн вакциныг илгээгээд байгаа аж. Мөн шүлхийн сэжигтэй цэг илэрсэн бүсэд дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хөл хорио тогтоожээ.

Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуягийн хэлснээр, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд шүлхийн эсрэг вакцины нөөц дууссан байна. Өнгөрсөн нэгдүгээр сард ОХУ-ын нөөцөд байсан 500 мянган тун вакциныг оруулж ирж, шүлхий гарсан аймгуудад тарааж, гал унтраажээ.

Малын гоц халдварт шүлхий өвчин дан ганц вакцин тариад арилчихдаг зүйл биш. Шүлхийтэй тэмцэхэд вакцинжуулалт, хорио цээрийн дэглэм, ариутгал халдваргүйжүүлэлт гэсэн үндсэн гурван аргыг цогцоор нь хийхгүйгээс шүлхий өвчний тархалт улам нэмэгддэг байна.

Вакцин тариад 100 хувь дархлаа тогтоно гэсэн ойлголт ч байдаггүй ажээ. Хамгийн чухал нь ариутгал халдваргүйжүүлэлт. Харамсалтай нь энэ ажил нэр төдий хийгдэж байгаа нь шүлхий өвчний тархалтыг нэмэгдүүлж буй талаар иргэд хэлж байна.

Шүлхийн тохиолдол гарсан 22-ын товчоогоор жишээлэхэд, хөдөө орон нутгаас орж ирж буй машин техник хэрэгсэлд хийж буй ариутгал халдваргүйжүүлэлт үнэхээр хангалтгүй байгаа юм. Хот руу нэвтэрч буй автомашины дөрвөн дугуйны нэгийг л шүршмэр аядаад, бушуухан мөнгөө аваад, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил дуусдаг гэхэд үнэнээс хол зөрөхгүй.

Биднийг шүлхий өвчний талаар мэдээлэл цуглуулах явцад Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц “Амралтын өдрөөр бүр 14-16 насны хүүхдүүдэд хувцас өмсгөөд зогсоочихсон, ариутгал нэрээр нэг хүүхдээр машин бүрээс мөнгө хураалгаад, нөгөө нэг хүүхэд нь дугуй руу шүршсэн болж байна лээ. Бас тэднийг цалинжуулдаг бололтой юм билээ. Машин бүрээс 1000 төг гэхээр замбараагүй их тоо гарна. Энэ хэний бизнес вэ” гэж бодогддог шүү” гэж хэлсэн юм.

Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлын нөхцөл байдал “хүүхдийн тоглоом” шиг байгаа тохиолдолд шүлхий өвчин нийслэлийг тойрохгүй нь ойлгомжтой билээ. Улмаар нийслэлийн нутаг дэвсгэрт дахин шүлхий, боом, цэцэг зэрэг мал, амьтны гоц халдварт өвчин гарахгүй гэсэн баталгаа байхгүй байна.

-ШҮЛХИЙТЭЙ МАЛАА УСТГУУЛААД, ТӨРӨӨС НӨХӨН ТӨЛБӨР АВДАГ БАЙСАН
МАЛЧИН ӨРХҮҮД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ БОЛНО-

Шүлхий өвчин дэгдэж буй олон шалтгаан байдаг. Хүнд тээврийн хэрэгсэл, автомашин, салхи, зэрлэг амьтан, өвс тэжээл гэх мэт дамжих боломжит бүх л замаар энэ өвчин дамждаг ажээ. Тиймээс хөдөлгөөнийг маш сайн хорьж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэх нь хамгаас чухал. Гэвч малчид хүн цөөтэй, цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн байнга малдаа үзлэг хийлгэж, хяналт тавьж чаддаггүйгээс өвчнийг удаашруулах, олон айлын мал өвчилсөн хойно мэдэх зэргээс болоод тархалт нь их байгаа юм.

Түүнээс гадна отор, нүүдэл шилжилт хөдөлгөөн гэх мэт ямар нэгэн хөдөлгөөн өвчлөлийн тархалтад шууд нөлөөлж буйг албаны эх сурвалж хэлж байна. Малчид малаа нууснаас болж өөр айлын малд өвчний халдвар дамждаг. Олон айлын мал өвчилсөн тохиолдолд тархалтын хүрээ томордог. Тиймээс хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг ажээ. Ер нь иргэд мал өвчилсөн л бол дуудлага өгч, энэ арга хэмжээг хэрэгжүүлчихвэл олон айлыг хамгаалах боломжтой билээ.

НИТХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 20, 11 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрч, бусад дүүрэг, хороонд мал аж ахуй эрхлэхийг хоригложээ. Харамсалтай нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд мал, амьтны гоц халдварт өвчин гарч, энэ нь хүнд халдахгүй гэх баталгаагүй байгаа юм.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Эрчимжсэн мал аж ахуйн хэлтсийн дарга Д.Баярсайхан “Өнгөрсөн онд Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт гарсан шүлхий өвчний тархалтыг зогсооход Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө, Мал эмнэлэг, үржлийн газраас вакцин, хорио цээрийн дэглэм тогтоох, ариутгал халдваргүйжүүлэлт, хорио цээрийн бүсэд ажиллагсдын хоол томилолтод 1.5 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ нь 600 хүүхдийн багтаамжтай сургууль барих мөнгийг зууханд хийгээд шатааж байгаатай адил.

Шүлхий бол Дэлхийн худалдааны байгууллагын Хорио цээрийн жагсаалтын нэгдүгээрт бичигддэг өвчин. Дэлхийн мал, амьтны байгууллагад аль нэг улсад шүлхий гарсан тухай мэдээлэл очиход л Дэлхийн худалдааны байгууллагаас тухайн бүсээс малын гаралтай бүтээгдэхүүн худалдаж авахыг хориглодог. Энэ мэтээр улс орны эдийн засгийн хөгжилд ихээхэн саад учруулсаар байгаа юм.

Нөгөөтэйгүүр иргэдийн амьдралд ихээхэн дарамт болно. Шүлхий гарсан тохиолдолд ХХААХҮ-ийн сайдын 93 тоот тушаалаар 21 хоног хорио цээрийн дэглэм тогтооно. Ингэснээр тэнд байгаа иргэд хорио цээрийн бүсээс гарах ямар ч боломжгүй болдог. Ажилдаа явж чадахгүйгээс гадна санхүүгийн болон сэтгэл санааны хохирол амсдаг. Нийслэлд шүлхий өвчин гарсан тохиолдолд олон хүн санхүүгийн болон бусад байдлаар хохирно гэсэн үг” хэмээн ярив.

Энэ мэт иргэд, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт байдлаас ангижрахын тулд нийслэлээс 1.5 сая иргэний эрх ашгийг хамгаалахын тулд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд амьдарч буй мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж буй нь зүйтэйг олон хүн хэлж байна.

Ирэх зургадугаар сараас хэрэгжиж эхлэх Малын эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулиар шүлхийтэй малаа устгуулаад төрөөс нөхөн төлбөр авдаг байсан малчин өрхүүд хариуцлага хүлээдэг болох юм.

Д.Туяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ