"Гүүрэн зам" генсек, мээрийн зөрчлийн зам болох вий
Хотынхон ойрын өдрүүдэд нэг л сэдвээр бухимдаж байна. Тэр нь ганцхан хариулттай санал асуулгын тухай юм. Долоо хоногт хоёр удаа дугаарын хязгаарлалт хийнэ гэдэг нь наанадаж 240 гаруй мянган тээврийн хэрэгслийн эзэмшигчид, цаанадаж нийт нийслэлчүүдийн хувьд алдагдал, чирэгдэл, бухимдал авчрах нь ойлгомжтой.
Чинээлэг давхаргынхан нэгээс дээш автомашин худалдаж авах сэдэл төрүүлж, автомашины худалдаачид бөөн баяр болох шийдвэр яах аргагүй мөн. Түүнчлэн замын хөдөлгөөний ачаалал нэмэх, “шинэ, түр” замуудыг нээх гэхчлэн олон “хэцүү”-г араасаа дагуулсан энэ ажлын талаар Нийслэлийн удирдлагууд бараг орой бүр мэдээлж сурталчилж байгаа ч иргэд төдий л таашаалтай хүлээж авахгүй байна.
“Энэ мөнгөөр 100 км урттай зам хоёрыг барих байлаа”, “Авлигаараа Монголтой урд, хойноо орж явдаг Угандад 51 км замыг 580 сая ам.доллараар барьсан” гэхчлэн хотын удирдлагын энэ шийдвэрт эерэг санал ирэх магадлал тун бага ч сөрөг санал ирсэн ч барьж дуусгах нь бараг уламжлал болоод байгаа билээ.
Дээр нь МАН-ын генсек, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан Туркт ажлаар явж байхдаа энэ шийдвэрийг дуулаад “Наад балай юм аа боль. Хотын иргэдээр хангалттай тоглож байна” хэмээн сошиалаар хашгирав. Тэрбээр “Дугаарын хязгаарлалт нь хүний наад захын эрхийг бүдүүлгээр зөрчиж байна. Иргэн өмчлөх эрхээ эдэлж чадахгүй атлаа татвараа бүрэн төлдөг балай шийдвэр. Одоо бүр хоёр хоногийн хязгаарт гэдэг бол аль ч утгаараа гаргаж болохгүй шийдвэр. Буруу шийдвэрийн уршгаар айлын машины тоо нэмэгдсэн үү гэхээс түгжрэл буураагүйг амьдрал харууллаа. Иймд наад бодлоо толгойноосоо авч хаяад зохицуулах өөр арга бод” гэж үүрэгдэв.
Түүний жиргээ намын удирдлагынх уу, нийслэлийн удирдлагад иргэдээ төлөөлдөг иргэний үг үү. Ямартай ч нэлээд дэмжигдэх нь гарцаагүй. Харин олон нийтэд таалагдах энэ хашиграаныг өөрөөр харж бас болохоор байлаа. Товчхондоо МАН-ын генсек маш завтай байна. Намын ажлаар хүний нутагт яваа хүнд хэдэн үг жиргэх амархан л даа.
Харин хотын удирдлагууд энэ эрсдэлтэй шийдвэрийг гаргах гэж нэлээд бэрхшээлийг даваад намынхаа генсек тэргүүтэй нийт нийслэлчүүдэд “няц гишгүүлэх” шахаж явна.Уг нь эрхэм генсект энэ шийдвэрийг гарахаас өмнө санал солилцох боломж баймаар л юм. Хэдийгээр нийслэлийн удирдлага гаргах гэж байгаа шийдвэрээ намын генсекдээ “өргөн барьдаггүй” боловч БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр юу хийх талаар нь үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөр хянаж байгаа хүн огт мэдээгүй өнгөрсөн гэхэд итгэмээргүй.
Хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгагдаад байгаа Д.Гантулгын талаар ганхийгээгүй Д.Амарбаясгалан дарга арай түгжрэл болон дугаарын хязгаарлалтыг нэмэх болсонд биш ажил нь, албан тушаал нь багадсандаа намынхаа залуусыг “мэрж” эхэлсэн юм биш биз. Сонгуульгүй үед генсек завтайг ойлгож байна. Иргэдийн бухимдлаар зэвсэглэн нэр хүндээ өсгөх гэсэн амбицыг нь ч ойлгоё. Харин нийт хүн амын дийлэнх хувийг элгэндээ тэвэрсэн энэ хотын удирдлагад шүүмжлэлтэй хандах нь бараг л улстөржилт, хийрхэл болоод явчих эрсдэлтэй. Тэгээд ч намын генсекийн хувьд яагаад Засгийн газар, Нийслэлийн удирдлагатай ярилцаж болохгүй гэж.
Өөрөө ажиллаагүй үед өрөөлийн ажил асар амархан, гаргасан шийдвэрээс нь өө олдох нь ч элбэг байдагсан. Түүнчлэн өөрөөр шийдэх ямар гарч байгаа талаарх саналуудаа яг л мөрийн хөтөлбөр танилцуулж байгаа нь “хөөрхөн” санагдав. Учир нь хэлбэрийг нь арай өөрчилсөн бас л диктатурын аргууд байв. “Хязгаарлах”, “Хориглох” гэсэн үгсээр зэвсэглэсэн энэ саналдаа “Нийтийн эрх ашгийн төлөө нэг хэсэгт таалагдахгүй хүнд шийдвэр байж болно” гэжээ.
Жил хагасын хугацаанд эрхээ хязгаарлуулж, бухимдал чирэгдэл, өөр ямар ч төсөөлөөгүй эрсдэл, үнэ цэнтэйг бүү мэд гүүрэн гарцтай болох нь. Гүүр барихад хамгийн чухал нь сайн чанарын суурь нь тухайн газрынхаа хөрсний төрөлтэй зохицсон байх ёстой байдаг аж. Гүүр, гүүрэн замын төсөл олон улсын хэмжээнд өртөг өндөртэй төсөлд тооцогддог.
Манайхан хятадуудаар гүүрэн зам бариулах нь гэж эгдүүцээд байгаа тал бас ажиглагдлаа. Угтаа замын чанарт бол монголчуудаас дутахгүй анхаардаг , тиймдээ ч дэлхийн хамгийн үнэтэй замын тавдугаарт нэрлэгддэг аж. Хятадууд нэг км зам барихад хамгийн багадаа хоёр сая ам.доллар, ихдээ 71 сая ам.доллар, дунджаар 11 сая ам.доллар зарцуулдаг гэнэ. Оросууд Москва-Санкт Петербургийн замыг нэг км-ыг нь 578 сая ам.доллараар, нийт дөрвөн км замыг 17.9 тэрбум рублиэр барьсан нь дэлхийн хамгийн үнэтэй замын хоёрдугаар бичигддэг аж.
Харин “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын тухайд 1.6 жилийн хугацаанд нийт төсөвт өртөг 42,38 сая ам доллар болох бөгөөд гүүрийг 2017-2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна” гэсэн мэдээлэл өгч байгаа билээ. Товчхондоо төсөл амжилттай хэрэгжиж гэмээнэ 2020 оны сонгууль гэхэд нийслэлчүүдийн түгжрэлээс үүдсэн бухимдал эрс багассан,шинэ гүүрэн зам, хоёр түвшний огтлолцолтой туннель гээд бүтээн байгуулалтын үлэмж өөрчлөлтүүдтэй болсон байх болов уу гэж найдаж байна. Тэр үед магадгүй МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ талаар ололт амжилт болгон ярьж суух нь дамжиггүй.
Өнөөдөр гүүрэн гарц хамгийн муухай үгсээр булуулж буй ч түүнээс сайн гарцыг нийслэлийн өмнөх удирдлагууд хэрэгжүүлж амжаагүй. Харин дургүй хүргэсэн дугаарын хязгаарлалт, түүнийг шийдэх “санал асуулга” зэрэг нь бол яах аргагүй АН-ынхны “ШБОС” байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь хүртэл “42 сая ам.долларын гүүрээ шахах гээл улайраад байна. Хятадын ажилчид барина. Нарны гүүрийг монгол ажилчид хөдөлгөөн хаалгүй барьсан. 42 сая ам.доллараар 15 ширхэг нүхэн гарц хийх төсөл нь бэлэн байна” хэмээн жиргэлээ.
“Гудамж” төслийн хөрөнгөөр гулгитлаа завшиж зам тавьсан Б.Гарамгайбаатартаа хэлбэл зохих энэ үгийг улстөржилт гэхээс юу гэ вэ. Алийн болгон тендерийн дагуу “хамгийн хямд”-ыг нь сонгож, ачааллаа даахгүй болохоор нь ахиад төсвийн мөнгө рүү гэтэж, нэхэж явах вэ. Төр нь хүртэл замын компаниуд шигээ аргаар ажиллавал зам барих ажил бүтээн байгуулалт биш төгсөшгүй ашигтай бизнес хэвээрээ л үлдэх байх.
Харин дугаарын хязгаарлалтгүйгээр хэрхэн зохион байгуулах вэ. Хугацааг Хятадын талд хэт шахаж богиносгосон нь зөв эсэх нь ч эргэлзээтэй. Намын удирдлага нь хотын ажлыг холоос харж байгаад шүүмжлэх амархан. Алдвал огцруулж оновол намын оноо болгож сонгуульд ашиглах бүр ч амархан. Харин хотынхныг 2020 оны сонгууль бодож замын ажлын төслийн хугацааг хэрчиж богиносгоогүй байх гэж найдъя.
У.Оргилмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ