Уурын зуухуудыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох ажлыг эрчимжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд энэ онд хийсэн ажлаа хэлэлцэн, цаашид хийх ажлаа тодотгов.

Хуралд бүх яамны дэд сайд, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” болон “Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллагын удирдлага оролцлоо.

Өнгөрсөн 10 гаруй жил агаарын бохирдлыг бууруулахын тулд төсвөөс 147 тэрбум, гадаадын төсөл, хөтөлбөрөөс 60 орчим сая ам.доллар зарцуулсан ч тодорхой үр дүн гараагүй. Иймээс Засгийн газар Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлан, нэгдсэн бодлогоор ажиллаж байна.

Хүний эрүүл мэнд, амь нас, удам угсаа, генид сөргөөр нөлөөлж Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд очсон агаар, орчны бохирдол хэмээх дайсантай бүх нийтээрээ тэмцэх учиртай. Төсөвлөсөн хөрөнгийг зөвхөн бодит үр дүн гарах ажилд зарцуулах ёстой гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний хорооны гишүүдэд анхаарууллаа.

Засгийн газар эхний ээлжинд уурын зуух, сургууль, цэцэрлэгүүдийг төвлөрсөн дулаанд холбох, гэр хороололд инженерийн шийдэл бүхий дэд төв байгуулах, цахилгаан, шугам сүлжээний чадлыг нэмэх, ногоон зээл, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зэргээр боломжтой бүх арга хэмжээ авч байна. Харин иргэд гэр, байшингаа дулаалж, цахилгаан халаагуур, боловсруулсан түлш ашиглан утааг бууруулахад хувь нэмрээ оруулах шаардлага байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.

Тэрээр саяхан хамгийн их утаатай хэд хэдэн газарт ажилласны дараа бүх сургууль, цэцэрлэгт агаар шүүгч суурилуулах шийдвэр гаргасан. Энэ дагуу энэ сарын 20 гэхэд бохирдлын нэг, хоёрдугаар бүсэд байгаа сургууль, цэцэрлэг, үлдсэнийг нь оны дараа агаар шүүгчээр хангана гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хэллээ. Чанар, стандартын шаардлага хангасан агаар шүүгч сонгох, үүнд шаардагдах дөрвөн тэрбум төгрөгийг хатуу хяналтын дор ил тод, нээлттэй зарцуулахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон анхаарууллаа.

Цаашид түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, “Нэг хашаа-Нэг өрх” бодлого хэрэгжүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэх нь зүйтэй гэж хотын дарга үзэж байна. Мөн хотын захиргаа болон харьяа агентлагуудыг хотоос гаргавал 20 мянга гаруй хүн үйлчилгээ авах гэж хотын төв рүү ирэх шаардлагагүй болно гэсэн судалгаа ч хийсэн байна.

Агаар, орчны бохирдолттой дан ганц төр, засаг тэмцээд үр дүнд хүрэхгүй. Тиймээстөрийн бус байгууллага, иргэдийн оролцоо чухал байгаа талаар Үндэсний хорооны гишүүд хэллээ. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийгхариуцлага, сахилга бат, ёс зүйтэй болгох, хүлээх үүргийг нь таниулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, оюутнуудад сургалтын төлбөр, амьдралын боломж муутай хүмүүст гэр өгснөө нийгмийн хариуцлага гэж үздэг ойлголтыг ч хамтын хүчээр өөрчилье гэж төрийн бус байгууллагуудын төлөөлөл хэлэв.

Цаашид уурын зуухуудыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох ажлаа эрчимжүүлэх, цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлж, шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангах, төрийн өмчийн барилга, байгууламжид дэвшилтэт технологи нэвтрүүлэх, агаарын чанарын суурин харуулын тоог нэмэх, зорилтот бүлгийг боловсруулсан түлшээр хангах, дулаан алдагдлаа бууруулах аяныг иргэдийн дунд өрнүүлэх нь зүйтэй гэж Үндэсний хороо үзэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ