Чех улс Монголоос авах ажиллах хүчний тоог 2000 болгон нэмэгдүүлнэ

Бүгд найрамдах Чех улсын Дотоод хэргийн яам энэ долоо хоногт гадаадаас ажиллах хүч авах квотыг нэмэгдүүлэх асуудлыг дэвшүүлсэн.

Шинэчилсэн квотод Монгол Улсаас жилд бага болон дунд ур чадвартай 1230 хүнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгодог байсныг 2000 болгож нэмэгдүүлэх асуудлыг тусгасан талаар Чехийн "Brno Daily" сонинд мэдээлсэн байна. Харин Филиппин улсаас жилд 2500 ажиллах хүч авдаг байсныг 3000 болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. Мөн Чехийн хувийн өмчит төмөр замын тээврийн "Skoda Transportation" компанид гагнуурчин, цахилгаанчин зэрэг мэргэжлийн өндөр ур чадвартай 300 ажилчныг Индонез улсаас авах боломжийг олгох тусгасан байна.

Чехийн Засгийн газар уг асуудлыг энэ сарын сүүлээр хэлэлцэн батлах аж. Тус улс ажиллах хүчний хомсдолд орсноор 2019 оны есдүгээр сард Европын холбооны гишүүн бус орнуудаас ажиллах хүч авах цагаачлалын бодлогыг нэвтрүүлсэн. Чех улсад ажиллах өргөдлийг тухайн улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан авдаг бөгөөд улс орнуудаас жилд хэчнээн ажиллах хүч авах квотыг Засгийн газар нь тогтоодог.

Гэвч Прагийн эрх баригчид нийт цагаач иргэдийн тоог нэмэгдүүлэхийн эсрэг бодлого хэрэгжүүлж байгаа. Тиймээс шинэчилсэн квотод Украинаас ажиллах хүч авах квот 38 мянга байсныг 33 мянга болгон буруулах, ОХУ-аас жилд 50 хүнд ажиллах виз олгодог байсныг цуцлахаар төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ