Хоошёорюү С.Бямбасүрэнд ЁКОЗҮНА цол олгосныг албан ёсоор зарлалаа

Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс Хацү башёд түрүүлсэн озэки Хоошёорюүд ёкозүна цол олгох асуудлыг хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжсэнээр сүмо бөхийн 74 дэх ёкозүнагаар Хоошёорюү С.Бямбасүрэн тодорлоо.

Өнөөдөр /2025.01.29/ албан ёсоор Хоошёорюү С.Бямбасүрэнг мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна болсныг зарлаж байна. 

Хоошёорюү харьяалагддаг "Тацүнами" дэвжээнд өнөөдөр түүнийг ёкозүна болсон тухай зарлах ёслолын арга хэмжээ болсон байна. Ёслолд түүний аав, ээж болон авга ах нар нь оролцжээ. 

Мэргэжлийн сүмо бөхийн 42 башёд барилдаж, ёкозүна болсон түүний энэ амжилт сүмогийн түүхэнд зургаадугаарт орох үзүүлэлт гэнэ. 

Хоошёорюү С.Бямбасүрэн ийн өөрийн авга ах Асашорюүгийн адилаар ёкозүна цолонд хүрч, Монголоос тодорсон зургаа дахь аварга боллоо. 

Тэр бол мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюүгийн ахын хүүхэд. Нэгэн гэр бүл буюу ойрын хамаатнаас хоёр ёкозүна төрж байгаа нь сүмогийн түүхэн дэх хоёр дахь тохиолдол болох аж. Ваканохана болон түүний ач дүү болох Ваканохана, Таканохана нарын гэр бүл 3 ёкозүна төрсөн амжилтаар энэ рекордыг тэргүүлдэг. 

Хоошёорюү С.Бямбасүрэн 1999 оны тавдугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн. 11 настайгаасаа чөлөөт бөх, жүдо барилдсан. Японы ахлах сургуулийг төгсөн, "Тацүнами" дэвжээнд элссэн ба 2018 оны нэгдүгээр сараас барилдаж эхэлжээ.
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ