Түймэрт 10 айл, 2 автомашин, 20 айлын мал, малын хашаа шатжээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 9-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн, Дашбалбар, Булган, Сэргэлэн, Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг өнгөрсөн шөнө бүрэн унтраажээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас үүдэлтэй Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд орж ирсэн түймрийг шөнийн 01.30 цагт цурманд оруулж, унтраасан байна. Тус гал түймэр Дорнод аймгийн гурван сум дамжиж, 80 км урт 20 км өргөн түймэр гарсныг Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандахаар ахлуулсан тус газрын 3 бүлэг, Хэнтий аймгийн Бэрх тосгоны Онцгой байдлын ангийн 1 бүлэг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум дахь ЭХАБүлэг, Сэргэлэн, Булган, Цагаан-Овоо сумд, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын мэргэжлийн бүлгүүд нийт 250 орчим хүн ажиллажээ.
Одоогоор Хөлөнбуйр сумын арав гаруй айл шатаж, 20 гаруй айлын хашаа, хоёр автомашин, олон айлын мал шатсан мэдээлэлтэй байна. Хохиролын хэмжээг тогтоох ажлын хэсэг өнөөдрөөс/2025.03.10/ ажиллаж эхэлнэ.
Иймд, хуурайшилт ихтэй энэ үед иргэд гал түймэр үүсгэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байх, малчид, иргэд Та бүхэн урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг дор бүрнээ хангах шаардлагатай байгааг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ