“Бүргэдийн баяр” наадам “Чингис хааны хүрээ” цогцолборт эхлэхэд гурав хоног үлдлээ

Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт эхлэхэд гурав хоног үлдээд байна.
Тус наадам 19 дэх жилдээ энэ сарын 8, 9-нд болох юм. Энэ үеэр бүргэдчдийн жагсаал, казах үндэсний урлагийн тоглолт, хувцас хэрэглэлийн худалдаа, хоол үйлчилгээ зэрэг өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маягийг ойроос танилцах боломжтой.
Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг ба бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдсан. Энэхүү уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд Монгол Улс 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ