Поп дива, хайрын элч дуучин С.Сэрчмаа: Би дуу худалдаж авдаг ч үгүй, зардаг ч үгүй
Энэ сарын 6-нд МУСТА, поп дива, хайрын элч дуучин С.Сэрчмаа UB palace-т "Хайртай шүү, ээж ээ" тоглолтоо хийх гэж байгаа билээ. Үзэсгэлэнт дуучин бүсгүйтэй ярилцсанаа уншигч та бүхэнд толилуулъя.
-Удахгүй болох "Хайртай шүү, ээж ээ" тоглолтын тань талаар ярилцлагаа эхэлье...
-Миний найм дахь тоглолт "Хайртай шүү, ээж ээ" гуравдугаар сарын 6-нд Улаанбаатар паласт ганцхан удаа болно. Хитүүдээсээ гадна ээжийн бас хайрын тухай дуунуудаараа ая барьж, поп диванууд маань цөмөөрөө ая дууны мэндчилгээ өргөн дэвшүүлэх тоглолт маань бүрэн амьд хөгжимтэй. Мөн "Никитон"-ы Батчулуун, "Хар сарнай"-н Амараа, "Ятгын хатан хаан" Мөнх-Эрдэнэ гавьяат оролцоно. Ер нь гавьяатууд намайг хүрээлсэн маш сайхан тоглолт болно.
-Таны хэд дэх тоглолт вэ? Өмнөх тоглолтуудаас чинь ялгарах онцлог гэвэл...
-Монгол болон дэлхийн бусад оронд хийсэн тоглолтуудаа тоолж үзвэл "Хайртай шүү, ээж ээ" минь 25 дахь нь болж байгаа юм. Бусад тоглолтоос маань ялгарах онцлог гэвэл би сая хэлсэн дээ, бусад дөрвөн поп дива болох УГЖ Сарантуяа, Ариунаа, Алтанцэцэг, Наран нар ая дуугаа өргөнө, бүрэн хэмжээний амьд хөгжмийн тоглолт гэж. Дашрамд дурдахад 28 жилийн хугацаанд 270 гаруй дуутай болжээ, би.
-Дараа нь хөдөө орон нутагт юм уу хилийн чанадад тоглох уу?
-Хөдөө орон нутагт тоглуулах санал ирж байгаа шүү. Ковидын өмнө поп дива, УГЖ Алтанцэцэг эгчтэй "Pop divas 21 tur" аялан тоглолтоороо эх орноо тойрсон. Аялан тоглолт ч амжилттай сайхан болсон. Ер нь Монголоо тойрч тоглох бодол бий. Гэхдээ маш сайн бодож төлөвлөнө л дөө. Харин ковидоос хойш АНУ-ын зургаан хотод ажиллаж, амьдарч буй нутаг нэгтнүүддээ зориулж тоглосон. Тус улсыг хоёр удаа тойрч тоглосон юм байна шүү.
-Сүүлийн үед та ямар ямар уран бүтээл гаргав?
-Гучаад шинэ уран бүтээл хийсэн. Жишээ нь "Никитон"-ы Батчулуун ахын үг, "Титэм"-ийн Тайванбат ахын ая "Эр хүн та" нэртэй дуу гаргалаа. Бас залуу дуучин Эрдосын ая, Ёндоншаравын үг "Хамт аялах уу?" дуу маань fm-үүдээр нэлээн явж, хүмүүсийн хандалтыг их авч байгаа юм билээ. Эмэгтэй хүнийг дөрвөн улирлаар зүйрлэсэн "Бүсгүй заяа" хэмээх сайхан дууг УГЗ, хөгжмийн зохиолч Магсаржав, яруу найрагч Ганчимэг нартай хамтарч хийсэн. 30-40-өөд шинэ дуугаа хөгжмийн зохиолч, яруу найрагчтай нь нэрлээд байж бас амжихгүй нь. Ер нь уран бүтээлээ тасралтгүй хийж байгаа шүү.
-Монголын рок, поп урлагт анх хүчин зүтгэж эхэлсэн дуучин Сэрчмаа, одоогийн поп дива Сэрчмаа хоёрыг харьцуулбал...
-Одоогоос 28 жилийн өмнө рок, попод орж ирж байсан дуучин Сэрчмаа, өнөөдрийн Сэрчмаа хоёр бол мэдээж нэлээн зөрөөтэй, туршлагын хувьд ч, амьдралын хувьд ч. Анх гарч ирж байхдаа жоохон охин байсан бол одоо ээж хүн, эмэгтэй хүн болчихсон, амьдралыг харах алсын хараа нь арай өөрчлөгдсөн, илүү энэрэнгүй, нинжин сэтгэлтэй болсон юм болов уу гэж боддог юм. Харин уран бүтээлч, дотоод гоо сайхан талаасаа бол 28 жилийн өмнөх болон өнөөгийн Сэрчмаа хоёр огт өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл анх гарч ирж байсан залуу дуучин Сэрчмаа яг тэр чигээрээ миний дотор байгаа, байсаар ч байх болно гэж бодож байна.
-Дуучин болгон л бүх дуундаа хайртай гэдэг. Танд илүү онцгойлох дуу бий биз дээ?
-Миний анхны дуунуудыг манай сургуулийн, тухайн үеийн Хөгжим бүжгийн дунд сургуулийн Пүрэвдорж буюу "сахал" Пүүжээ багш минь зохиож өгсөн юм шүү дээ. УГЗ, "Сахал" Пүүжээ багшийг "Хөх тэнгэр" хамтлагийн даралтат хөгжимчин, "Улаанбаатарын үдэш" дуугаар нь хүмүүс илүү сайн мэднэ. Энэ багшаасаа "Би явлаа", "Сувдан шигтгээ", "Эрх хонгор сэтгэл", "Бөмбөрцгийн хүүхдэд өгье" зэрэг дууг нь авч, анхны уран бүтээлээ болгож байлаа. Бас "Хайр эргэсэн хавар" киноны дуу. 270 гаруй дуунаасаа "Би явлаа", "Сувдан шигтгээ"-ндээ илүү хайртай.
-Таны анхны нэрийн хуудас болсон "Эрх саран" дууны талаар яриач...
-Таван долоо хоногийн хит парадыг тэргүүлж байсан "Эрх саран" дуу маань шинэ урсгал, шинэ жанрыг оруулж ирсэн. Тухайн үед студид хальсан дээр дуугаа бичүүлдэг байлаа. Маш их хөдөлмөрлөсний эцэст дуугаа бичүүлсэн. Студид 7-8 цаг дуулаад л үүрээр бичүүлж дуусгаж байсан юм. Мөн клипийг нь шинэ өнгө төрхтэй болсон гэж боддог. Олон ч уран бүтээлч тоглодог энэ клип минь их даацтай сайн болсон л доо. СГЗ, яруу найрагч Хүрэлбаатар ах гоё, чамин үг бичиж, Төрийн соёрхолт, УГЗ Балхжав ах их сайхан аялгуу зохион, надад тохируулсан цоо шинэлэг "Эрх саран" минь үнэхээр эрч хүчтэй, гоё дуу шүү. Энд тэнд тоглолтод оролцох юм уу ямар нэг арга хэмжээнд дуулахад ""Эрх саран"-гаа дуулаач ээ" гэдэг.
-Ингэхэд та уран бүтээлчдээс дуу худалдаж авдаг уу?
-Өөрөө дуу зохиодог болохоор уран бүтээлчдээс дуу худалдаж авдаггүй ээ. Анх тавдугаар ангидаа зохиосон "Хөгжмийн аялгуу" дуугаараа ая дуу зохиогч багачуудын уралдаанд оролцоод түрүүлж байлаа. Яг ямар дуу хүсэж буйгаа мэддэг болохоор дуу зохиодог. "Үүрд минийх гэж амлаач", "Зүрхэнд амьдрах чи" дуугаа зохиож, дуулсан. Өөр уран бүтээлчдэд ч зориулж зохиосон дуунууд бий. Тэгэхдээ би зардаггүй, зүгээр л бэлэглэчихдэг юм.
-Өөртэйгээ холбоотой элдвийн дуулиан шуугианыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Ер нь энэ 28 жилийн хугацаанд сайлуулж, муулуулсаар байгаад тодорхой хэмжээний сэтгэлийн дархлаа үүссэн байх гэж боддог. Анх дуучин болсон цагаасаа авхуулаад л үргэлж муулуулж, сайлуулсан гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас "Алтан микрофон" наадмын хэвлэлийн баатар номинацийн эзэн болсон биз. Сонин сэтгүүл, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр миний тухай ташаа мэдээ, мэдээлэл маш их гардаг байлаа. Анх дуучин болоод элдвийн мэдээлэл энд тэнд гарахад гэр бүлийнхэн, аав, ээж минь маш их бухимдаж цухалддаг байсан бол одоо уншигчид ч ташаа мэдээллийг ойлгох хэмжээний шүүлтүүртэй болсон юм даг уу даа гэж боддог болсон шүү.
-Хамгийн сүүлд ямар сенсаацтай холбогдов?
-Хамгийн сүүлд яг ямар сенсаацтай холбогдсоноо нэг их сайн санахгүй байна. Яагаад гэвэл амар жимэр, тайван амгалан амьдарч байгаа учраас, үр хүүхдээ хараад, тэдний амьдралын төлөө, уран бүтээлийнхээ төлөө амар амгалан амьдралыг хүсэж байгаа учраас тэр. Шинээр гарч ирж буй залуухан дуучдыг оролдож сэтгүүлчид тэгж бичдэг болов уу гэж боддог шүү дээ.
-Шүтэн бишрэгчид чинь танд янз бүрийн зүйл бэлэглэдэг байх. Санаанаас тань гардаггүй бэлэг...
-Мэдээж хүн болгоны сэтгэлээсээ өгсөн бэлэг хамгийн үнэ цэнтэй байдаг шүү дээ, тийм ээ? (хэсэг бодов) Намайг зураад бэлэглэсэн нь маш их таалагдсан. Бас засан хүмүүжүүлэх газарт хүмүүжиж байсан нэг хүн чулуугаар хийсэн морин хуураа бэлэглэж байлаа. Тэр чулуун морин хуур надад үнэхээр их таалагдсан л даа. Маш их хөдөлмөрлөсөн нь харахад л андашгүй. Тэгээд тэдгээр бэлгийг аваад хэн ч хаана ч юу хийдэг ч бай, ямар ч мэргэжлийн хүн хаанаас ч ирүүлсэн бай, надад зориулж, намайг бодож өгсөн бэлэг учраас тэр бүх бэлгийг хадгалж, цуглуулахыг зорьдог.
-Танд эрчүүд их дурладаг хэвээрээ юу?
-Би сайн мэдэхгүй байна. Эрчүүд өөрсдөө л хариулах болов уу. Олны танил хүн бүрт, олон мянган дагагчтай хүн болгонд фэнүүд нь, шүтэн бишрэгчид нь сэтгэлийн үгээ ч юм уу хайр сэтгэлээ дэлгэж бичдэг байх. Тиймэрхүү захидлыг сошиал хөгжихөөс өмнө цаасан захиа хэлбэрээр хүлээн авч байсан. Одоо бол хүмүүс сошиалаар захидал бичдэг болчихсон шүү дээ. Тэрийг аваад шүтэн бишрэгчид маань дуунд минь дуртай учраас, хайрын дуу минь хүний амьдралтай холбоотой учраас ингэж хайрлаж, хүндэлж бичдэг байх гэж ойлгодог.
-Ингэхэд та хэр дурламхай вэ?
-Дурламхай мөн эсэх гэдгийг бас олон талаас нь авч үзэж, ойлгож болох байх гэж боддог л доо. Яагаад вэ гэхээр би урлагийн сургууль төгссөн уран бүтээлч, хөгжимчин, дуучин тул маш гоё аялгууг, хөгжмийг дурлаж сонсдог. Алдарт дуучин Селин Дионтой хамт аялан тоглодог Акаши гээд япон хийлч бий. Монголд тоглоход нь миний чих үнэхээр дурласан. Гадаад гоо сайхан ч юм уу эрэгтэй хүн гэдэг талаас биш нь тодорхой. Тэр гоё аялгуу, тэр тансаг хөгжим, дэлхийн хатан хаан хөгжим хийлийг, миний мэргэжлийн хөгжмийг тэр хүн тийм гоё, сайхан эзэмшин, тоглож, уянгалуулж чадаж байгаад чих минь үнэхээр дурласан. Би уран бүтээлч хүний чих уран бүтээл дээр ийм гоё дурламхай байдаг байх гэж боддог. Харин эрэгтэй, эмэгтэй хүний харилцааны хувьд асууж байвал тийм олон дурлах, зүрхээ тийм олон хуваах хэмжээний хүн биш ээ, би.
-Та Sally's comedy группийг үүсгэн байгуулагч. Яагаад энэ группийг санаачлав?
-Анх фэйсбүүк, инстаграм үүссэн цагаас би группээ хөтөлж явуулсан. Хүмүүс NB&Sally нэвтрүүлэг дээр маш их инээдэг миний хошин шогийн мэдрэмжтэйг мэдсэн л дээ. Пейж дээр бичсэн зүйлийн маань доор хүмүүс пост хийж чаддаггүй, комментоор тохиолдсон явдлуудаа бичдэг байлаа. Тэгэхээр нь "Энэ комеди группийг үүсгэчихье. Тэгвэл эерэг хандлагатай, намайг дэмждэг, дагадаг хүмүүс хамтдаа нэг групп болоод холбоо үүсчихвэл эргэх холбоотой, тасрахгүй харилцаатай гоё хамт олон болж чадах юм байна" гэж бодоод Sally's comedy байгуулсан группээ 70 мянган гишүүнтэй байхад нь хаалгасан. Фэйсбүүк нэлээн хатуу дэг журам, дүрэмтэйг манайхан сайн мэднэ. Хамаагүй мааз юм бичдэг, мааз зураг оруулдаг байсан учраас хаалгасан л даа. Хоёр дахиа нээгээд одоо групп маань 120 мянган гишүүнтэйгээс гадна коллектив сайтай, нийтэч, бүх зүйлийг эергээр олж хардаг, сайн сайхны төлөө нэгддэг, хүмүүнлэгийн ажил хийж чаддаг. Бид гэр оронгүй эмэгтэйд таван ханатай гэр авч өгсөн, өвчтэй, зовлонтой хүн мөнгө босгож тусалсан. 120 мянгуулаа уулзаж чадахгүй байгаа ч дэлхий дахинд тархан сууршсан, хөдөө орон нутагт амьдарч байгаа нутаг нэгтнүүд маань хамтдаа хөгжин баясаж байгаа. Бид гурав дахь жилээ шинэ жилээ амжилттай хийлээ. Нэг удаа өнжсөн ч жил болгон шинэ жилийнхээ арга хэмжээг хийгээд уулзаад сайхан байж чаддаг хамт олон. Группийн маань жанжин шугамыг барьдаг мундаг модератор админууд байдаг юм, Баамаа, Золоо, Энхмаа, Цэлмэг, Моника, Идэрээ гэх мэт. Мөн идэвхтэй байдаг топ гишүүдийнхээ хүчээр хамтдаа энэ группийн ачааг нуруун дээрээ үүрээд, ийм гоё хамт олон болгоод явж байгаа шүү. Инээвэл хүн гоё, залуу байдаг, эерэг, сайхан энерги бүрддэг, ажил төрөл бүтдэг гэж би үздэг, боддог.
-Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох тоглолтод тань амжилт хүсье. Ш.Эрдэнэтөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ