Хавдар судлалын үндэсний төв энэ сарын 15, 22-ны өдрийн бямба гарагт ажиллана

Засгийн газрын хоёрдугаар сарын 27-ны хуралдаанаар сар шинийн баярын амралтыг сунгаж, гуравдугаар сарын 3, 4, 5-ны өдөр амрах тогтоол гаргасан. Цагийг нь тулгаж гаргасан уг шийдвэрээс болж албан байгууллагуудын төлөвлөсөн ажилд өөрчлөлт орохоос аргагүй болов.
Тухайлбал, улсын эмнэлгүүдэд үзүүлэх иргэд бараг сарын өмнөөс цаг авдаг. Эмнэлгүүдийн үзлэг, оношилгооны цаг урьдчилж авсан иргэдийн асуудлыг хэрхэн зохицуулах талаар Хавдар судлалын үндэсний төвөөс тодруулахад, Урьдчилж олгосон үзлэгийн цагийг эмнэлгүүд дотроо зохицуулах чиглэлийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн. Манай эмнэлгийн төлөвлөлтийн багийнхан ажиллаж байна. Шийдвэр гарахад цахим хуудаснаа мэдэгдэнэ гэв.
Хэрэв та гуравдугаар сарын 3, 4, 5-ны өдрийн аль нэгэнд улсын эмнэлэгт үзүүлэхээр цаг захиалсан бол тухай эмнэлгийнхээ цахим хуудаснаас мэдээлэл аваарай.
Хавдар судлалын үндэсний төвд 3-р сарын 3, 4, 5-ны өдөр үзлэгийн цаг авсан иргэдтэй эмнэлгийн цахим бүртгэгч нар холбогдож, үзлэгийн цагийг дахин товлож хуваарилна. Тус эмнэлэг гуравдугаар сарын 15, 22-ны өдрийн бямба гарагт үзлэг хийж, ажлын цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ