Налайх дүүргийн зарим цэцэрлэг, сургуулийг цахимд шилжүүллээ
Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, дүүргийн онцгой комисс өчигдөр /2025.01.29/ 22:00 цагт шуурхай хуралдаан зарласан байна.
Дүүргийн Онцгой комисс яаралтайгаар хуралдаж, маргаашаас зарим сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргажээ.
Тухайн тохиолдлын хавьтлуудыг илрүүлэн яаралтай шинжилгээ авч зөвлөмжүүдийг өгч байгаа аж. Мөн дүүргийн сургууль цэцэрлэгүүдэд халдваргүйтэл хийгдэж байна.
Одоогоор Голомт сургуулийн бага сургууль, болон 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийг маргаашаас эхлэн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн онцгой комисс ажиллаж тандалт судалгаа хийж эхэлжээ.
Иймд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүж, өндөр халуурсан биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг Налайх дүүргийн онцгой комиссоос зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ