Н.Энхболд: Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2022.04.29/ хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах прокурорын байгууллагын саналыг хэлэлцсэн юм. Улмаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Энэ талаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД: Монгол Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн. Асуудлыг тав хоногийн дотор шийдсэн байх ёстой. Дэд хороо хоёр удаа хуралдлаа. Ингэхдээ Улсын Ерөнхий прокурорын газраас нэр бүхий гишүүдээс мэдүүлэг, нэмэлт тайлбар авсан. УИХ-ын даргаар өгсөн чиглэлийн дагуу уржигдар дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, холбогдох хүмүүсээс нь тайлбар авсан. Дөрвөн гишүүнээс бичгээр нэмэлт тодруулга, тайлбар авсан. Энэ дагуу өнөөдөр дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, нэмж ирсэн тайлбар, тодруулгатай танилцаж, гишүүн тус бүр дээр нь асуудлыг хэлэлцлээ. АТГ-аас гишүүдийг гэрчээр дуудаж, уулзсан байна. Ямар нэгэн саад учруулаагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ бүхнийг харгалзаж үзээд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжих боломжгүй гэж үзлээ. Дэд хорооноос санал дүгнэлтээ УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ