Лукашенко: Навальныйг хордуулаагүй, энэ бол Ангела Меркелийн зохиосон түүх
Герман улсын засгийн газар Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг химийн бодисоор хордуулсныг тогтоосон тухай лхагва гарагт зарласан билээ. Зөвлөлтийн үед бүтээсэн Новичок хэмээх химийн зэвсгийг хордуулахад ашигласан гэх Германы армийн лабораторийн дүгнэлт гарсан байна.
Тэгвэл Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко дээрх явдлыг зохиомол хуйвалдаан болохыг тагнуулын албаныхнаасаа мэдсэн тухай өчигдөр мэдэгджээ. Түүний хэлснээр Беларусийн тагнуулчид Берлин-Варшавын хооронд болсон утасны яриаг замаас нь чагнаад, канцлерь Ангела Меркель ийм зүйл зохиосныг мэдсэн гэнэ.
Лукашенко өчигдөр ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мищустинтэй Москва хотод уулзахдаа энэ талаар ярьжээ.
“Манай зэвсэгт хүчний цахим тагнуулын албаныхан утасны яриаг чагнасан. Бид олж авсан мэдээллээ Оросын тагнуулын албанд дамжуулах болно. Уг баримт Навальныйг хордуулаагүй, энэ нь зохиомол түүх болохыг баталж байна” гэж Лукашенко ярьсан байна.
Берлин-Варшавын хооронд болсон яриа нь “Беларусийн дотоод хэрэгт Путины хамрыг шургуулахгүй байх”-д чиглэж байсныг тэрээр нэмж хэлсэн байна. Утасны ярианд ашигласан үг хэллэгийг өөрчлөлгүй хэлж байгаагаа Лукашенко тайлбарлажээ.
Беларусийн ерөнхийлөгч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Москва хотод айлчилж ирээд буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ