Алексей Навальныйг химийн бодисоор хордуулсан гэж дүгнэжээ
ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өнгөрсөн долоо хоногт онгоцоор зорчиж явахдаа ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн билээ.
Омск хотын эмнэлэгт хүргэгдсэн улстөрчийг хордуулсан гэж сэжиглэж байв. Түүнийг эмчлэхээр бямба гарагт Герман руу авч явсан юм. Оросын талын эхний шинжилгээгээр Навальныйг хордуулаагүй гэсэн дүгнэлт гарсныг Кремлийн төлөөлөгч зарлаж байв.
Харин даваа гарагт Германы эмч нар түүнийг “cholinesterase inhibitor” бүлгийн химийн бодисоор хордуулсан гэх дүгнэлтийг гаргажээ.
“Cholinsterase inhibitors бүлэгт багтах бодисоор хордуулсныг нь шинжилгээний үр дүнд тогтоолоо. Яг ямар бодис болох нь тодорхойгүй байна. Илүү нарийвчилсан шинжилгээнүүдийг эхлүүлсэн” гэж Навальныйд үзлэг хийсэн эмч нарын баг мэдэгдсэн байна.
Одоогоор Навальныйн амь насанд шууд аюул учруулсан зүйл байхгүй ч урт хугацаандаа эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болохыг эмч нар анхааруулжээ.
Шинжилгээний дүгнэлт гарсны дараа Германы канцлерь Ангела Меркель улстөрчийг хордуулсан хэргийг шалгаж, буруутай этгээдийг илрүүлэн хуулийн хариуцлага тооцохыг Оросын талд уриалжээ.
“Cholinesterase inhibitor” нь химийн зэвсгээс эхлээд шавьжны хоронд хүртэл ашигладаг химийн бүлэг бодис аж.
Германы эмч нар Навальныйг атропин хордлогын эсрэг үйлчилгээтэй эмээр эмчилж байгаа гэнэ. 2018 онд Английн Солсбэрид тагнуулын ажилтан асан Сергей Скрипалийг охин Юлиягийнх нь хамт химийн бодисоор хордуулахад бас ийм эмээр эмчилж байжээ.
Алексей Навальный сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Кремлийн бодлогыг хүчтэй шүүмжлэгч байсан юм. Тэрбээр энэ хугацаанд албан тушаалтнуудын авлигатай холбоотой баримтуудыг дэлгэж, эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулдаг байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ