Лукашенко бүрэн зэвсэглэж, ордондоо нисдэг тэргээр иржээ
Беларусийн иргэд тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенког огцрохыг шаардан нийслэл Минск хот дахь ордных нь гадаа ням гарагт жагсжээ.
Удалгүй тусгай хүчний цэргүүд жагсагчдыг тараасан байна. Энэ үеэр Лукашенко ордондоо нисдэг тэргээр ирж буйг харуулсан бичлэгийг Беларусийн ерөнхийлөгчийн албан ёсны сувгууд цацжээ.
Сумнаас хамгаалах хантааз өмсөн гартаа АК-47 буу барьсан тэрбээр амархан бууж өгөхгүй гэдгээ харуулж буй нь энэ бололтой. Түүнтэй хамт 15 настай хүү Николай нь явсан байна. Николай мөн байлдааны хувцас, хэрэглэл өмсөж, өвч зэвсэглэсэн байв.
Жагсаалын үеэр Минскийн тэнгэрт нисдэг тэрэг эргэлдэж байсныг хэвлэлүүд Лукашенког зугтаж байж магадгүй хэмээн мэдээлсэн юм. Харин видео бичлэгээс харвал тэр ордондоо буцаж ирсэн байна.
Наймдугаар сарын 9-ний өдөр болсон сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл Беларусьт хоёр долоо хоног үргэлжилж байна. Энэ сонгуульд Лукашенко 80 хувийн саналаар ялж, зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон боловч иргэд сонгуулийг эрх баригчид луйвардсан гэж үзэж байгаа юм.
АНУ, Европын Холбоо сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, тэмцэгчдийг дэмжиж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ