БНСУ-д шашны бүх цуглааныг хоригложээ
Коронавирусийн тархалт эрчимжсэнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын засгийн газар нийслэл Сөүл орчимд бүх төрлийн шашны цуглаан зохион байгуулахыг хоригложээ.
Түүнчлэн шөнийн клуб, караоке баар, буффет ресторан, компьютер тоглоомын төвүүд зэрэг халдвар тараах өндөр эрсдэлтэй газруудыг хаасан байна.
Тус улсад мягмар гарагт халдварын 246 шинэ тохиолдол бүртгэгдсэний 235 нь дотоодод дамжсан тохиолдлууд байжээ. “Энэ бол вирусийн тархалтыг зогсоох бидний эцсийн оролдлого. Хэрвээ энэ удаа алдвал бид цаашдаа тэмцэх өөр ямар ч аргагүй болно” гэж Өмнөд Солонгосын ерөнхий сайд Чун Си Кюн мэдэгдсэн байна.
Мягмар гарагт илэрсэн дотоодын 235 тохиолдлын 138 нь Сөүл хотын умард дүүргийн Саран Жэйл христийн сүмээс гаралтай нь тогтоогджээ. Тус сүмийн пастор Жон Кван Хүүн сүсэгтнүүдэд “ариун сүнсний гал биднийг вирусээс хамгаална” гэж номлодог гэнэ. Гэвч пастор болон түүний гэргий, бусад шадар хүмүүс нь бүгд коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогджээ.
Саран Жэйл сүмээс гаралтай халдварын тохиолдлын тоо нийтдээ 457 хүрээд байна. Энэ оны хоёр, гуравдугаар сард дэгдсэн тахлын эхний давалгааны голомт нь Шинчонжи хэмээх христийн сүм болж байсан юм.
Эхний давалгааг амжилттай дарсан гэгдэж байсан Өмнөд Солонгост сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар дахин эрчимжиж, сүүлийн таван өдөр дараалан өдөрт 100-аас дээш тохиолдол илрээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ