Тайландад 12 мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болжээ
Тайландын нийслэл Бангкок хотод 12 мянган хүн оролцсон маш том эсэргүүцлийн жагсаал болжээ. Энэ талаар RG агентлаг мэдээллээ.
Эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын ихэнхи нь оюутнууд аж. Энэхүү эсэргүүцэл нь тус улсын парламент дахь төлөөллөөрөө гуравт ордог, залуусын дунд нэр хүндтэй "Анакхот Май" /Ирээдүй рүү урагшаа/ сөрөг хүчний намыг татан буулгасан хоёрдугаар сараас эхлэлтэй юм. Тухайн үед эсэргүүцэл даамжрахаар байсан ч коронавирусийн улмаас олон нийтийн арга хэмжээг хориглож, хэдэн сарын туршид завсарлаад байсан аж.
Эсэргүүцэгчдийн зүгээс гурван шаардлага тавьж буй юм. Үүнд Засгийн газрыг огцруулах, шинэ үндсэн хууль батлах, сөрөг хүчнийхнийг мөрдөн шалгахаа зогсоох зэрэг багтжээ. Мөн жагсагчид үндсэн шаардлагуудаас гадна хааны бүрэн эрхийг хязгаарлах замаар шинэчлэлт хийхийг шаардаж байгаа аж.
Уг шаардлага нь тус улсын хувьд ихээхэн анхаарал татсан сэдэв бөгөөд Тайландад хаан нь бурхан мэт дээдлэгддэг төдийгүй эрхэм дээдсийг доромжилвол 15 хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлдэг аж. Хэдийгээр 2016 онд хаан ширээнд заларсан Махи Вачиралонгкорны үед ийм шийтгэл амссан хүн байхгүй ч хуулийн энэ заалт хүчин төгөлдөр хэвээр байгаа гэнэ.
Түүнчлэн жагсагчид армийн хоёр анги нэгтгэл хаанд шууд харьяалагддагыг цуцлахыг шаардаж байгаа аж. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр хаант засаглалын шинэчлэлтэй холбоотой оюутнуудын шаардлагыг нийтэд мэдээлэхгүй байхыг орон нутгийн хэвлэлүүдээс хааны ордны захиргаа хүссэн гэнэ.
Одоогоор Тайландын эрх баригчид эсэргүүцлийн ажиллагаанд тайван хандаж байгаа аж. Тайландын Ерөнхий сайд Правит Вонгсувон наймдугаар сарын 17-ны өдөр мэдэгдэл хийхдээ "Бусдын эрх чөлөөнд халдахгүй л бол иргэд жагсаж үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй" гэж онцолсныг Bangkok Post дамжуулжээ.
Харин коронавирусийн халдвар дэгдэх энэ аюултай үед олноор цугларахыг хориглосон захирамжийг иргэд зөрчиж байгаад эрх баригчид хэрхэн хандаж байгаа талаар асуухад "Бид юу хийж чадах юм бэ?" хэмээн хариулжээ.
Тайландын хэвлэлүүдийн мэдээлснээр эсэргүүцлийн жагсаалын гурван тэргүүнийг бослогод өдөөн турхирсан, олон нийтээр цуглахыг хориглосон журмыг зөрчсөн хэргээр саатуулсан ч удалгүй сулласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ