Легион цэрэг Х.Бямбасүрэн: Энд тэндээс буудаад уулнаас бууж чадахгүй олон цаг болж, сүүлдээ дуслын шингэн ууж байсан
Монгол легион цэргүүдийн төлөөлөл Хаш-Эрдэнийн Бямбасүрэнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна. Тэрбээр Францын армид 14 жил тасралтгүй алба хааж байгаа бөгөөд, Францын армийн бага офицер цолтой, өдгөө салаан ахлагчийн ажил үүрэгтэй ажиллаж байгаа юм байна.
-Таны хувьд Афганистан, Ирак, Африк гээд дайнтай улс орнуудад үүрэг гүйцэтгэж байсан.Яг дайны гал дээр очиж ажиллаж байсан тэр мөчүүдийн талаар асуумаар байна. Мэдээж хүнд хэцүү үетэй тулгарч байсан байх?
-Дайн л бол дайн шүү дээ.
2010 онд би эхний ажиллагаандаа группээ ахлаад Афганистан руу явсан. Афганистанд машинаар нааш цааш их явдаг ба^сан. Өдөр, шөнө гэлтгүй буудалцаан болж байдаг. Цэргүүд байхгүй бол би ганцаараа юу ч хийж чадахгүй. Цэргүүдээ сайн удирдах ёстой. Хоол ундтай байна уу, устай байна уу, ядарч байна уу гээд цэргүүдээ анхаарч, зөв удирдах нь миний гол ажил.
Нэг удаа, Афганистанд ойд уулнаас бууж чадахгүй, энэ тэндээс талийбанчууд буудаад олон цаг болж билээ. Шөнө болтол хүлээж байгаад уулнаас буусан. Усгүй болчихсон, сүүлдээ цэргүүдтэйгээ нийлээд дуслын шингэнээ гаргаж ирээд ууж байлаа. Давстай дусал ууж болохгүй, чихэртэй дуслыг ууж болдог. Амь тулсан үед цангаагаа тайлж, цааш явах хүчээ авахын тулд уухаас өөр арга байхгүй л дээ.
Ер нь дайны үед өдөр болгон л хүнд нөхцөл байдалд ажилласан байдаг юм. Одоо ч Гвианд хөл хорионд байгаа үед ковидын халдвар авсан цэргүүдийнхээ сэтгэл санааг засах гэх зэрэг олон асуудал байна. Хүн л болсон хойно зарим нэг нь хүнд өвчин туслаа гээд сэтгэлээр унана.
Сэтгэл санаагаар унасан цэргүүдийнхээ сэтгэл санааг засах, тэдэнтэйгээ тулж ажиллах гээд олон асуудал бий.
-Дайны гал дээр амь нас дээсэн дөрөөн дээр ирсэн тийм хүнд үетэй тулгарч байхад юу бодогддог вэ?
-Хүний амьдрах хүсэл сонирхол их болдог юм билээ дээ. Ер нь тэгээд яг буудалцаан болж байх үед юу ч бодох завдалгүй хурдан өнгөрдөг. Энэ тэндээс буудна, хүмүүс орилно, радио холбоогоор цэргүүд хоорондоо эндээс буудаж байна,тэндээс галлаж байна гээд л.
Афганистанд нэг тосгон руу орсон юм. Биднийг ороход тайван, хүүхдүүд тоглоод байж байсан. Хэдхэн секундийн дараа буудаад эхэлсэн. Буудалцаан болсны дараа юу болов, хаанаас хэн буудав гээд тодорхой дүгнэлтүүд гардаг. Эсрэгээрээ мина салгана гэдэг бол маш тайван дуу чимээгүй, эргэн тойрон хамгаалагдсан, аюулгүй орчинд хийдэг ажил.
-Та шархдаж байв уу, өвдөж байсан уу?
-Миний хувьд азаар шархдаж байгаагүй. Айхавтар өвдөж ч байсангүй. Ойд шумууланд хатгуулаад нүд нүүргүй, биеэрээ битүү хавдах, янз бүрийн шавж, ногоонд хатгуулаад биеэр тууралт гарч халуурах зэргээр өвдөж байсан.
-Буудалцаан болсны дараах тухайн орон нутгийн иргэдийн байдал, амиа алдсан хүмүүс, хүүхдүүд гээд тэр орчинг харахад эмзэглэмээр хүнд санагддаг байх даа?
- Энэ талаар хэт гүнзгийрүүлж бодоод байвал хэцүү. Яагаад гэвэл, сэтгэл зүйн талаасаа энэ бүх зүйлд эмзэглээд байвал ажлаа хийж чадахгүй байдал үүснэ. Миний ажил учраас би хийх ёстой. Энэ хүмүүсийн сайн сайхны тулд би энд ажиллаж байна.
Дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө би гар бие оролцож, хүчин зүтгэж байна гэж боддог. Өнөөдөр терроризм чинь дэлхий нийтийн асуудал учраас дэлхийн сайн сайхны төлөө ажиллаж байна гэж бодож байж энд ажиллаж байгаа цэргүүд цаашид сэтгэл зүйгээ удирдан ажлаа хэвийн явуулж чадна.
Яг байлдаантай байгаа улс орнуудын ард иргэдийн хувьд эмзэглэмээр олон асуудал бий. Хамгийн хэцүү нь хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох.боловсролын анхан шатны мэдлэгтэй болж чадахгүй байна гээд зөндөө асуудал бий.
Хамгийн хүнд хэцүү байдалтай улс Африкийн Малив байсан. Цаг агаар хэт халуун, цэвэр усны дутагдалтай, дээрээс нь терроризмын асуудал, эдийн засаг муу байна. Иракт хэдий дайнтай байгаа ч тэр улсын ард иргэдийн амьжиргааны түвшин сайн байна. Цалингийн доод хэмжээ нь 500 ам.доллар байдаг. Улсынх нь эдийн засаг сайн, хүний хөгжлийн үзүүлэлт нь өндөр учраас бас учиртай.
-Ингээд бодохоор Монгол маань тайван орон шүү...
-Явж явж Монгол шиг тайван улс дэлхийд ховор байна. Франц улсын Парис хотод л гэхэд жирийн нэг өдөр л хар тамхины наймаачид хоорондоо буудалцдаг шүү дээ.
Тэгээд бодохоор Монгол бол үнэхээр тайван орон. Би Афганистан, Африкийн Маливд явж байхдаа жижиг тосгод руу орох тэр үед Монголын жижиг сумдад очсон мэт дотно санагддаг үе бий.
Хэдэн байшингууд, иргэдийнх аж байдал гээд ерөнхийдөө төстэй харагддаг. Маливын ард иргэд хэцүү байна лээ. Ер нь дайн болж байгаа улсад хамгийн их эрх нь зөрчигддөг хүмүүс бол хүүхдүүд.
Маливд ялангуяа эмэгтэй хүний эрхийг зөрчсөн тийм байдал маш их бий. Эмэгтэйчүүд, охидуудаас илүү эрэгтэй хүн дээгүүр байр суурьтай байдаг. Наад зах нь эмэгтэйчүүдийг сургуульд явуулдаггүй.
Иракт харин эмэгтэйчүүд эрх чөлөөтэй, нийгмийн тэгш хуваарилалтад орж чаддаг юм байна гэж харсан. Хүнд хэцүү амьдралтай байгаа ард иргэд, дээр нь хөгжингүй улс орнуудын ард иргэдийг харьцуулж харахаар уг нь Монгол Улс хөгжих бүрэн боломж байна. Монголчууд залхуу байна уу даа гэж бодогддог шүү, нуулгүй хэлэхэд.
-Хамгийн чухал ажиллагаа нь хаана, ямар улсад байсан бэ. Том ажлын ард гараад өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг биз дээ?
-Өөрийгөө онцгойлж бодож байсангүй ээ. Ок, бүгдээрээ чадлаа гэж боддог. Бүх ажиллаагаа чухал. Нэг газраас нөгөө газар руу явах нь чухал. Чухал биш ажиллагаа гэж байдаггүй. Үүрэг хариуцлага, дүрэм журмаа баримтлаад явах хэрэгтэй. Гол нь миний баримталдаг зарчим бол хүмүүнлэг байх ёстой. Хүнтэй хүн ёсоор харьцах хэрэгтэй.
Дайнд орсон цэргүүдийн хувьд сэтгэл зүйн асуудал чухал. Сэтгэл зүйн асуудалд орсон цэрэг, буудуулаад шархадсан цэрэг хоёр адил хэмжээнд өвдсөн гэж үзээд эмч, эмнэлгийн тусламж авдаг.
-Францын армид үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүдийн талаар нийтэд нь асуумаар байна. Монголчууд ур чадвараараа онцгой байдаг гэж сонсож байлаа. Ер нь хамгийн шилдгүүд нь аль улсын цэргүүд байдаг юм бол?
-Францын армид алба хааж байсан монгол цэргүүдийн ярилцлагыг уншиж байсан. Миний хувьд монгол цэргүүд бүгдээрээ топ, тэр улсын цэрэг муу, энэ нь сайн гэж туйлширч хэлмээргүй байна.
Сайн яваа олон монгол цэрэг бий. Сайн монгол цэрэг байна, сайн гадаад цэрэг ч байна. Ямар ч байсан монгол цэргүүд доошоо ороод байгаа юм алга. Гол нь би шилдэг, тэр шилдэг гэж ярихаасаа илүү цаг тухайд нь үүргээ сайн биелүүлж, алдаа дутагдал гаргахгүй, улс орныхоо нэрийг доош нь татахгүй, хариуцлагатай, чадвартай байх нь чухал гэж боддог.
Легионд 100 гаруй монгол цэрэг байна. Бид нар мэдээж дотно байдаг. Өөр өөр анги дээр хуваарилагдсан байдаг ч нийлж аваад уулзахаараа сайхан байдаг шүү. Нөгөө талаар легион цэргүүд яг франц цэргийн хэмжээнд үнэлэгддэг, нэр хүндтэй.
Франц арми чинь өөрөө 260 мянган цэрэгтэй. Легион цэргийн тоо 9,000. Легион цэргүүдийн статус нь гадаад боловч яг л франц цэргийн авдаг цалинг авна, үүрэг хариуцлага, хууль эрх зүйн хувьд ч нэг түвшинд хангагддаг.
Франц цэрэг, легион цэрэг хоёрын хооронд зөрүү байхгүй гэсэн үг. Яг л ижил түвшинд үнэлэгддэг. Цалингийн тухайд бол цол, мэргэжлээс шалтгаалаад өөр өөр байдаг. Хамгийн доод шинэ цэргийн суурь цалин 1,300 евро. Дээр нь харуулд гарсан, гадаад ажиллагаанд оролцсон, хээр явсан, цолны нэмэгдэл, сургалт мэргэжлээс шалтгаалаад нэмэгдэл авна.
-Цэргийн бэлтгэл сургуулилт их сонирхол татаж байна. Тогтмол бэлтгэл сургуулилттай байдаг уу. Ер нь анх армид элсэн ороход ямар шалгууруудыг давах ёстой вэ. Бие бялдрын хөгжил, эрүүл мэнд гээд тодорхой шалгуур байдаг байх?
-Анх ороход эрүүл мэнд, математикийн шалгалт авдаг. Эрүүл мэнд, IQ тэнцвэл, анхан шатны биеийн тамирын шалгалт авдаг. Цэргүүдийн хувьд өдөр болгон биеийн тамирын хүчний бэлтгэл хийхгүй л дээ. Хуваарийн дагуу ажиллагаанд явна, дээр нь буу зэвсгийн бэлтгэл хийнэ.
Харуулд гарна гэх зэргээр өөр өөр ажил үүрэгтэй байх үе бий. Дунджаар долоо хоногт гурван удаа спортын хүчний бэлтгэлтэй байдаг. Харин өдөр болгон гүйнэ. Сайн гүйдэг байх ёстой. Бүх спортын суурь нь гүйлт байдаг. Гүйж чадна гэдэг чинь тэр хүн алхаж чадна, туулах чадвар сайтай байна гэсэн үг. Дараагийн чухал зүйл усанд сайн сэлдэг байх. Усанд сэлж чадахгүй орж ирээд сайн сэлдэг болдог.
Ер нь жилд нэг удаа спортын шалгалт өгнө. Гүйлт, усанд сэлэлт, олсонд авирах зэрэг спортын төрлүүдээр шалгалт өгнө. Гүйлтийн хоёр шалгалт өгнө. Гүйлтийн зам дээр өндөр хурдаар гүйх.
Өөрийн гэсэн бүх буу зэвсэг, ачаагаа үүрээд бартаатай замаар гүйж шалгуулдаг. Дараа нь 100 метр усанд сэлнэ, олсонд авирна. Гэдэсний таталт хийнэ. Жилд нэг удаа энэ спортын төрлүүдээр шалгалт авдаг.
Хувийн хэрэг дээр жил бүр спортын шалгалтын дүнг бичдэг учраас цаашдаа өсөж дэвшихэд чухал тул хичээх ёстой. Хэрвээ спортын шалгалтад тэнцэхгүй бол гадаад ажиллагаанд оролцохгүй. Хоёр жилд нэг удаа эрүүл мэндийн шалгалтад орно. Эрүүл мэндээрээ тэнцэхгүй бол бас гадаад ажиллагаанд явахгүй.
-Таны хувьд салаан даргын үүрэг гүйцэтгэж, олон цэргүүдтэй тулж ажиллаж байгаа. Цэргүүд ямар үед их шантардаг вэ?
-Хүн болгон өөр. Биеийн хүчний хүчтэй хүн байна, хүчгүй хүн байна. Сэтгэл зүйн нь хүчтэй хүн байна, сэтгэл зүй муутай хүн байж болно. Цэргүүдтэйгээ тулж ажиллаж байгаа хүний хувьд харахад голдуу шантрах асуудал сэтгэл зүйтэй ихээхэн холбоотой байдаг даа. Ар гэрт нь асуудал гарах тэр үед цэргүүд сэтгэлээр унаж.давж гарахад хэцүү үеийг туулдаг.
Цэрэг хүн гэр бүлээсээ хол, дээр нь олон даргатай. Тодорхой түвшинд дарамт байна. Ар гэрт том асуудал гарахгүй бол даваад л гарна. Армиас ажиллагаанд явахын өмнө цэргүүдийн сэтгэл зүйг нь бэлтгэж, энэ улсын эдийн засаг, соёл нь ийм байна.
Нөхцөл байдал ийм байгаа гээд мэдээлэл сайн өгдөг. Дайнаас ирсний дараа хямралд орсон бол сэтгэл зүйч хариуцаж аваад ажлаас нь чөлөөлж ярилцаж эмчилдэг.
-Таны хувьд Франц армид одоо хэчнээн жил ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ. Ирээдүйн карьер хаа хүрнэ гэж зорьсон бэ?
-Би одоо салаан даргын ажлаа ирэх жил хүртэл хийгээд тэсрэх бөмбөг салгадаг тусгай ажиллагааны баг руу орж ажиллана. Магадгүй гурав, дөрвөн жилийн дараа тэтгэвэртээ гарах байх даа. Тэтгэвэртээ гараад юу хийх эсэхээ одоогоор сайн төлөвлөөгүй байна.
-Монголд хэзээ сүүлд ирсэн бэ. Монголд ирэхэд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Энд ирснээсээ хойш Монголдоо гурван удаа очсон байна. Мэдээж эх орон, гэр бүлийнхнийгээ санасан байдаг. Хамгийн сүүлд 2017 онд очсон. Улаанбаатар хотын төв өөрчлөгдөж, олон өндөр байшингуудтай болсон байна лээ.
Хотын төвөөс бусад аймаг, сумдууд харин хэвээрээ байна лээ. Нэг улсын хөгжил байшин барихаар хэмжигдэхгүй байх л даа.Боловсрол, эрүүл мэнд гээд хүний хөгжил рүү чиглэсэн бусад салбарууд хөгжих нь чухал байх. Одоо хил нээгдвэл Монгол руугаа очоод ирэхээр төлөвлөөд хүлээж байна. Залуу хүн мэдээж их юм үзэж, нүд тайлах хэрэгтэй гэж боддог.
Амралтаараа Европын орнуудаар аялах, улс улсын соёлтой танилцахыг хичээдэг. Дэлхийн энх тайвны төлөө ажиллаж байна гэж боддог учраас энэ халуун цэг дээр хичээж л явна даа.
Эх сурвалж:dnn.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ