Швед улс хөл хорио тогтоогоогүйн уршигыг "амсав"
Дэлхийн эдийн засагчдын маргааны бай болсон Швед улс хатуу хөл хорио тогтоохоос татгалзсаны уршиг шинжээчдийн хүлээлтээс давжээ. Блумберг агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчид ийм дүгнэлт хийсэн байна.
Тэдний үзэж буйгаар наймдугаар сарын 5-нд нийтлүүлэхээр бэлтгэж буй засгийн газрын урьдчилсан тайланд хоёрдугаар улирлын дүнгээр тус орны дотоодын нийт бүтээгдэхүүн 8 хувиар буурахаар байгаа ажээ. Энэ нь Хойд Европын томоохон эдийн засагтай тус орны хувьд хамгийн муу үзүүлэлт болно. Гэвч хэрвээ эрх баригчид коронавирусийн тархалттай тэмцэхийн тулд бүрэн хэмжээний хязгаарлах арга хэмжээ авсан бол алдагдал гуравны хоёроор их гарч мэдэх байжээ.
Түүнчлэн энэ уналт нь Европын орнууд болон АНУ-тай харьцуулвал нэлээд бага юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний улирлын уналт 32,9 хувь байсныг Европын орнууд болон АНУ долоодугаар сарын сүүлчээр тайлагнасан нь тухайн орны түүхэн дэхь хамгийн муу үзүүлэлт болжээ.
Өргөн цараатай хөл хорио тогтоохоос Швед улс татгалзснаар нас баралт өндөр үзүүлэлттэй гарч, эдийн засаг бүрэн сэргэх хэтийн төлөв тодорхой бус байгаа юм. Тухайлбал хөрш Финлянд, Дани улс өвчлөлийн оргил цэгийг түргэн давж, зарим үйлдвэр болон салбаруудын ажлыг сэргээхэд эрт орж чаджээ.
Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулвал хоёрдугаар улиралд дээрх хоёр орны дотоодын нийт бүтээгдэхүүний уналт 3,7 хувийн түвшинд байх төлөвтэй байна (нэгдүгээр улиралд 4 хувь байжээ) гэж хөрөнгө оруулалтын “Capital Economics” компанийн шинжээчид үзэж байна.
Цар тахлын нөхцөлд ёс төдий хязгаарлалт тогтоохоор Шведийн засгийн газар шийдвэрлэсэн нь эдийн засагчдын дунд их маргаан дэгдээсэн юм. Улс орны хувьд үр дагавар нь урт хугацааны туршид илүү хөнөөлтэй байх болно гэж тэдний зарим нь нотлож байв. Гэвч компаниудыг бүрэн хааж, өргөн олныг хамарсан арга хэмжээг хориглохоос татгалзсан нь хямралыг хялбархан давах боломжтой хэмээн эрх баригчид үзэж байсан юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ