Трамп: Путинтэй үр дүнтэй хэлэлцээ хийсэн

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар ярьснаа тайлбарласныг хэвлэлд мэдээлжээ.


Америкийн тэргүүний хэлснээр, Путинтэй хийсэн яриа хэлцээ маш үр дүнтэй болсон байна. Тэд янз бүрийн олон асуудал хэлэлцсэнийг Трамп тэмдэглэжээ. Ингэхдээ АНУ-ын төрийн тэргүүн америкийн цэргийн албан хаагчдын амь насыг бүрэлгэсэн афганы можахедуудад мөнгө төлөх гэж Оросын тал оролдсон гэх таамаг яриаг хөндөж ярьсан эсэх тухай асуултад хариулахаас татгалзсан байна. Хоёр орны удирдагчид хэлэлцэж буй асуудлаа тайлбарладаггүй гэж Трамп тэмдэглэжээ.

 

Трамп Путинтэй ярьсныхаа дараа Орос дахь коронавирусийн цар тахлын байдлын талаар өмнө нь санаа бодлоо илэрхийлж байсан юм. "Орос улс одоо коронавирусийн хэцүү үеийг туулж байна, ялангуяа Москвад байдал онцгой хүнд байна" гэж тэрээр хэлжээ.

 

Хоёр орны удирдагч долоодугаар сарын 23-нд утсаар ярьсан юм. Талууд стратегийн тогтвортой байдлыг хангах, зэвсэглэлд хяналт тавих асуудал, түүнчлэн олон улсын энх тайвныг дэмжин сахиулахад ОХУ, АНУ-ын гүйцэтгэж буй үүргийн тухай асуудал хэлэлцсэнийг мэдээлж байсан билээ. Мөн коронавирусийн цар тахалтай тэмцэж буй хамтарсан үйл ажиллагааг хоёр удирдагч нааштай үнэлээд, цаашид холбоо барьж байхаар тохиролцжээ.

 

Нью-Йорк таймс” сонин зургаадугаар сарын 26-ны дугаартаа тусгай албадын мэдэгдлийг иш татахдаа, Оросын цэргийн тагнуулын албаныхан  Афганистан дахь америкийн цэргийн амь насыг бүрэлгэвэл мөнгө төлөхөөр нууцаар санал болгож байжээ хэмээн бичсэн юм. Ингэснээр Оросын тал террорын “Талибан” бүлэглэлтэй АНУ-ын хийж буй энхийн хэлэлцээг тасалдуулахыг хүсч байна гэж нийтлэлд дурджээ. Орост энэхүү зэмлэлийг үндэслэлгүй хэмээн тодорхойлсон юм. Энэ мэдээ баттай эсэхийг Америкийн талаас ч нотлож чадахгүй байгаа ажээ.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ