МХБХ-ны дасгалжуулагчийн сургалт эхэллээ
“Д” зэрэглэлийн 6-12 хүртэлх насны хүүхэд багачуудыг дасгалжуулах эрхтэй дасгалжуулагчийн сургалт МХБХ-ны байранд эхэллээ.
Энэ нь цар тахлаас хамааралтайгаар энэ оны анхны сургалт болж байна. Уг сургалтад сууж, тэнцсэн дасгалжуулагчид “С”, “В” зэрэглэлийн сургалтад хамрагдах боломжтой болдог. Онол, практик хосолсон “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт тав хоногийн турш үргэлжилнэ.
Сургалтыг МХБХ-ны сургагч багш Э.Ганзориг, Б.Буман-Учрал нар удирдан явуулна. Энэхүү сургалтыг удирдан явуулж буй сургагч багш ОУ-ын хэмжээний мастер Э.Ганзориг нь АХБХ-ны “А” зэрэглэлтэй бөгөөд 2019 онд ОУХБХ-ны залуу сургагч багш нарын жагсаалтад багтсан, футзалын “level-2” зэрэглэлтэй дасгалжуулагч.
Харин ОУ-ын хэмжээний мастер, эмэгтэйчүүдийн хөл бөмбөг хариуцсан мэргэжилтэн Б.Буман-Учрал нь АХБХ-ны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч билээ.
МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар “Тоглогч байсан хүмүүс замналынхаа төгсгөлд дасгалжуулагч хийдэг учраас энэ сургалт та бүхний ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт юм” гэв. Д.Тэрбаатар нь өнгөрсөн оны долоодугаар сарын 22-ны МХБХ-ны Зөвлөлийн хурлаар ЕНБД-аар томилогдсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ