Путин, Зеленский нар Донбассын зохицуулалтын асуудлаар хэлэлцжээ

Оросын төрийн тэргүүн Владимир Путин, Украины удирдагч Владимир Зеленский нар утсаар ярьж, Донбассын зохицуулалтын асуудлаар хэлэлцсэнийг Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Украины талын санаачлагаар ийнхүү ярьсаныг тодруулан тайлбарлажээ.


Донбасст гал зогсоох нэмэлт арга хэмжээг холбоо барих бүлэг зөвшин тохирсныг хоёр ерөнхийлөгч нааштай үнэлсэн байна. Украины зүүн нутгийн мөргөлдөөнийг зохицуулах холбоо барих бүлэг гал зогсоох горимыг хэрхэн сахиж буйг хянах нэмэлт арга хэмжээг лхагва гарагт зөвшин тохирчээ.

 

“Нормандын уулзалт”-ын удирдагчдын баталсан шийдвэр, түүний дотор өнгөрсөн оны 12 дугаар сард Парист болсон дээд хэмжээний уулзалтын дүнг хэрэгжүүлэх нь тэргүүлэх чиглэл болж байгааг Оросын тал онцлон тэмдэглэсэн байна.


"Минскийн тохиролцооноос өөр зам байхгүй гэж Украины ерөнхийлөгчийн илэрхийсэн байр суурийг тус орны эрх баригчдын бодит үйлдлээр нотлох ёстой" гэж Путин онцолжээ.

 

Өмнө нь Зеленский Минскийн тохиролцооны зүйл заалт бүрийг тодруулан тайлбарлахыг шаардсан байна. Харин Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, тохиролцоонд бүрэн төгс томъёоллууд орсон учир үүнийг тайлбарлах шаардлагагүй гэжээ.

 

Тусгаар тогтнолоо бие даан зарласан БН Донецк болон Луганск Ард Улсын ардын цагдаагийн байгууллага Донбасст гал зогсоох тухай гэрээний хүрээнд долоодугаар сарын 27-ны шөнө дундаас гал зогсоох тухай тушаалыг долоодугаар сарын 26-ны ням гарагт нийтлүүлсэн байна.

 

Баримт бичгийн дагуу давшилтын болон хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, суурин газрууд, эдгээрийн ойр хавьд зэвсэглэл байрлуулахыг хоригложээ. Эсрэг талын зүгээс түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд Ардын цагдаагийн байгууллага адилхан үйл ажиллагаа явуулахад бэлэн байгааг дурдсан байна.

 


Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ