Путин, Трамп нар зэвсэглэлд хяналт тавих асуудлаар хэлэлцжээ
ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Америкийн ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьсныг Кремлийн сайтад мэдээлжээ.
Яриа оновчтой, агуулга сайтай болсон байна. Хоёр ерөнхийлөгч стратегийн тогтвортой байдлыг хангах, зэвсэглэлд хяналт тавих асуудлыг хэлэлцжээ. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг дэмжин сахиулахын төлөө ОХУ, АНУ онцгой хариуцлага үүрч байдгийг харгалзан асуудал хэлэлцсэнийг тэмдэглэж байна. Тухайлбал, Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулж, хязгаарлах тухай гэрээний асуудлаар хоёр талын зөвлөлдөөн хийх нь тулгамдсан шинжтэй болохыг нотолжээ.
Олон улсын аюулгүй байдлын өргөн хүрээтэй асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт хийх тухай Оросын санаачлага их ач холбогдолтойг ярианы үеэр тэмдэглэсэн байна. Түүнчлэн хоёр удирдагч Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрны асуудал хэлэлцжээ.
Путин, Трамп нар бүс нутгийн тогтвортой байдал, цөмийн зэвсэглэл дэлгэрүүлэхгүй байх горимыг дэмжин сахиулах талаар хамтын хүч чармайлт тавих шаардлагатайд анхаарал хандуулсан байна.
Үүнээс гадна тэд Орос, АНУ-ын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар адилхан бодолтой байгаагаа илэрхийлээд, COVID-19-ийн тархалттай тэмцэхэд хамтран ажиллаж буйг нааштай үнэлжээ. Түүнчлэн “Союз-Аполлон” хөтөлбөрийн хүрээнд тойрог замын нислэг хийсний 45 жилийн ой болсонтой холбогдуулан харилцан мэндчилгээ дэвшүүлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ