COVID-19: АНУ, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкт халдвар эрчимтэй нэмэгдэж байна
Дэлхийн 216 улс оронд бүртгэгдээд буй Covid-19-ийн цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар 14.8 сая хүн халдвар авснаас 8.8 сая хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эдгэсэн бол 612 мянга гаруй хүн хорвоог орхиод байна.
Халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк, Колумб, ОХУ зэрэг улсад эрчимтэй нэмэгдэж байна. Тодруулбал, АНУ-д хоногт 61 мянга 854 шинэ тохиолдол, 499 нас баралт бүртгэгдэв. Тус улс нь 49 сая иргэнээ Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 3.9 сая, нас баралт 143 мянгад тус, тус хүрч, 1.8 сая хүн эмнэлгийн тусламж авч эдгэжээ.
Энэтхэг улс халдварын тохиолдлоор дэлхийд хоёрт бичигдэж байна. Тус улсад хоногт 36 мянга 810 шинэ тохиолдол, 596 нас баралт бүртгэгджээ. Энэтхэг нь 14 сая иргэнээ Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 1.1 саяд хүрснээс 724 мянга 702 хүн эдгэж, 28 мянган хүн нас баржээ.
Энэтхэгийн дараа хоногт бүртгэгдэж буй шинэ тохиолдлоор Бразил бичигдэж байна. Тус улсад хоногт 21 мянга 749 шинэ тохиолдол, 718 нас баралт бүртгэгдсэн байна. Бразил нь 4.9 сая хүнээ Covid-19-ийн шинжилгээнд хамруулсан бөгөөд нийт тохиолдол 2.1 сая, нас баралт 80 мянгад хүрчээ. Харин 1.4 сая хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эдгэсэн байна.
Вакцины туршилтаа амжилттай хийж дууссан ОХУ-ын хувьд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5940 шинэ тохиолдол, 85 нас баралт бүртгэгдэв. Тус улс нь 25 сая гаруй хүндээ Covid-19 –ийн шинжилгээ хийсэн бөгөөд нийт тохиолдол 777 мянга 486д хүрснээс 12 мянга 427 хүн хорвоог орхиж, 553 мянган хүн эмнэлгийн тусламж авч, эдгэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ