Флорида, Техас, Аризона мужууд "Covid-19"-ийн голомт болов
Дэлхий даяар сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 260 мянган шинэ тохиолдол нэмэгджээ. Энэ нь цар тахал эхэлснээс хойш хоногт бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол болоод байна. Нийт нас барагсдын тоо 600 мянга давжээ. Тэдгээрийн дөрөвний нэг нь АНУ-д бүртгэгдээд байна.
АНУ-д 140 мянга гаруй хүн нас барсан ч тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп "Covid-19 өвчний шалтгаантай нас баралт хамгийн доод түвшиндээ байгаа улсуудын тоонд АНУ багтаж байна" гэсэн үзэл дээрээ бат зогсож байгаа аж. Fox News-т өгсөн ярилцлагадаа тэрбээр өөрийнх нь ярьж байгаа тоо баримтаас зөрж байгаа тул Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
"Бусад улсуудтай харьцуулахад АНУ-д илүү олон хүнийг шинжилгээнд хамруулж байгаа учраас тус улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол нэмэгдэж байна" хэмээн Трамп хэлжээ. Мөн тэрбээр халдвар авсан хүмүүсийн ихэнх нь залуучууд байгаа бөгөөд ханиад төдийхөн туссан учраас хурдан эдгэрнэ гэсэн байна.
Тус улсын Флорида, Техас, Аризона зэрэг өмнөд мужууд "Covid-19"-ийн голомт болоод байна. Эдгээр мужуудад хөл хорио тогтоож, амны хаалт заавал зүүх ёстой гэсэн журам мөрдөгдөж байгаа аж. Флорида мужид одоогоор халдварын 337 мянган тохиолдол бүртгэгдэж, 5000 гаруй хүн нас баржээ. Майамигийн зарим хэсгүүдэд комендант цаг тогтоож, 20:00 цагаас хойш хүмүүсийг жуулчид олноор цугладаг газруудад очихыг хориглосон байна.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр коронавирусийн дэгдэлт эхэлснээс хойш дэлхий даяар нийт 14,3 сая хүн халдвартай нь батлагдаад байна. АНУ, Бразил, Энэтхэг, Өмнөд Африк улсууд хамгийн их халдвар тархсан улс болжээ.
Дэлхий даяар хоногт 7360 хүн амиа алдсан нь тавдугаар сарын 10-наас хойшхи хамгийн өндөр тохиолдол болоод буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ