Москвагийн олимп-1980

Одоогоос яг 40 жилийн өмнөх энэ өдөр буюу 1980 оны зуны олимп ЗХУ-ын нийслэлд ёслол төгөлдөр нээлтээ хийсэн юм. Энэхүү наадамд 81 орны 5503 тамирчин 22 спортын 203 төрөлд 628 медалийн төлөө хүч чадлаа уралдуулжээ. 


1980 оны Москвагийн олимп бол Зөвлөлт системийг давуу талыг дэлхийн нийтэд ухуулан сурталчлах гэсэн гол зорилготой байсан болохоор тухайн үеийн зөвлөлтийн эрх баригчид юу юугүй ашиг олохыг чухалчилсангүй. Иймдээ ч энэ олимп 3 тэрбум ам.доллараар бүтсэн ч 300 сая ам.долларын алдагдалтай явагдаж байжээ. Магадгүй АНУ гэх мэт зарим улс энэ олимпийг эсэргүүцэлгүй оролцсон бол ашигтай болж болох л байсан байх.


Гэхдээ Олимпийн түүхэнд хамгийн их алдагдалтай болсон тоглолт бол 1976 оны Монреалийн олимп юм. Энэ Олимпийг зохион байгуулагчид нь 1,5 тэрбум ам.доллар зарцуулсан ч  1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн бөгөөд Канадчууд өрөө дарах гэж бүтэн 30 жилийг зарцуулсан байдаг.


Москвагийн олимп нь Монгол улсын оролцсон тав дахь зуны олимпийн наадам юм. Манай тамирчид байт харваа, бокс, чөлөөт ба сонгомол бөх, буудлага, дугуй, хүндийн өргөлт, жүдо бөхийн төрөлд 43 тамирчин, 9 дасгалжуулагч, 2 эмч, 10 гаруй албаны хүний хамтаар оролцжээ. Үүнээс чөлөөт бөхийн 74 кг-ын жинд Ж.Даваажав мөнгө, 57 кг-ын жинд Д.Оюунболд хүрэл, 71 кг-ын жинд Р.Даваадалай хүрэл медалиар тус тус энгэрээ мялаасан байна.


Жүдо бөхийн 65 кг-ын жинд 29 орны 29 жүдоч хоёр хэсэг болж өрсөлдсөнөөс Цэндийн Дамдин аваргын төлөө барилдаанд дэвжээний эзэн орны бөх Н.Солодухитэй барилдаж коко үнэлгээ алдан мөнгөн медалийн эзэн болсон. Ингэж Монголын жүдо бөхийн түүхэнд хамгийн анхны олимпийн медальтан төрөн гарсан юм. Ингэснээр бусад спортын төрөлд хүч үзсэн тамирчдын тодорхой хэмжээний амжилтаар багаараа 80 орноос 22 дугаар байрт шалгарсан юм.


Хөрш оронд олимпийн наадам зохиогдоход манай улсын баг тамирчдаас гадна Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, Үйлдвэрчний эвлэлийн тэргүүний гишүүд, төлөвлөгөөт нормоо давуулан биелүүлсэн гавшгай ажилчдын төлөөлөгч 100 гаруй хүн урилгаар ЗХУ-ын нийслэлд зорчжээ.


Олимпийн бэлгэдэл Мишагийн дүрстэй тэмдэг зүүгээгүй хүн Монголд тоотой үлдсэн он жилүүд хуучин нийгэмд хоцорсон ч майга бор бамбаруушийн инээмсэглэл, нулимс хоёрыг олимпийн фэнүүд өнөө хэр дурсаж яваа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ